2011/04/15

Газар хөдлөлтөд өртсөн нь

Манайх Токиогоос багагүй зайтай болохоор санасны зоргоор ирж очих боломж гараад байдаггүй юм. Харин сар гаруйн өмнөөс бүртгүүлж, оролцохоор төлөвлөж байсан нэгэн сургалтад суухаар Токио хотод очсон тэр өдөр газар хөдлөлт, цунами болж таарсан. Сургалтын хөтөлбөрийн дагуу өглөөнөөс авахуулаад номын дуу сонссоор 3 дахь багшийн лекц дуусах дөхөж байх үед газар хөдлөлт мэдрэгдэж эхлэв. Өмнө бичиж байснаар "манай нутаг"-т барагтай л бол газар хөдөлдөггүй, барагцаалбал 2-3 жилдээ л нэг удаа мэдэгдэхүйц чичирхийлэлттэй тохиолдож байсан болохоор энэ удаагийнх миний амьдралдаа үзсэн хамгийн хүчтэй хөдлөлт байсан юм. 3 давхар барилгын 2-р давхарт, том зааланд сууж байх үед чичирхийлэл эхэлж нэлээд удаан үргэлжилсэн. Байшингийн чичирхийлэл гэхээс илүүтэй олон хүн нэгэн зэрэг урагш хойш хөдөлгөж байгаа машин дотор сууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр, эсвэл шаварт суусан машин шавраас гарахаар хааз нэмж дахин дахин урагш хойш хөдлөх үед дотор нь суугаа хүний бие яаж ганхдаг билээ, түүнтэй адилхан хөдлөж байлаа. Ширээнүүд гулсаад явчих гээд байсан болохоор гараараа барьж тогтоохоос аргагүй болж байв. Зарим хүмүүс хаалгануудыг гажиж, хаагдаж нээгдэхгүй болохоос сэргийлж онгойлгож орхисон.

Ийм хүчтэй чичирхийллийг мэдэрч байгаагүй надад айдас төрж байсан боловч гайхалтай нь сургалтад оролцож байсан бусад хүмүүсээс айж сандарч, үймэлдсэн хүн нэг ч гараагүй нь надад нөлөөлж, байнга л тохиолддог юм байх гэж бодож суув. Токио орчимд амьдардаг таньж мэддэг хүмүүс ч байнга шахуу ингэж газар хөдлөлөө, тэгж айлаа гэж ярьж байдаг болохоор хэвийн зүйл л юм байх гэж бодож байсан хэрэг. Чичирхийлэл бараг 5 минут шахуу үргэлжилээд сая л нэг юм зогссоны дараа бүгд барилгаас гарч машины зогсоолын талбайд хоргодоцгоов. 10-аад минутын дараагаас зогсоо хүн ганхаад уначихмаар хүчтэй чичирхийллүүд мэдрэгдэж гадаа байгаа бүх хүн явган сууцгаасан. Сүүлд өрөөнд орхисон эд зүйлсээ авахаар ороход сургалтын барилгын тог тасарч, нэг цонх хагарсан, барилгын дотор бараг өрөө болгонд тааз ханаанаас шавар унасан нь харагдаж байв. 2 цаг гаруй хүлээгээд сургалтын ажиллагааг зогсоож хэрэв ойрхон танил айл, хонох газартай хүмүүс харьж болно, газар хөдлөлт үргэлжилж байгаа учир хоноглох газар байхгүй, сургалтын барилгын үүдний зааланд сандал дээр хонож таарах байх гэв. Гар утаснууд холбогдохгүй ч телевизийн нэвтрүүлэг үзэж болж байсан болохоор Токио даяар цахилгаан галт тэрэг зогсож, зарим хэсэгт цахилгаан тасарсан тухай мэдээллүүдийг үзэж байлаа. Харин газар хөдлөлтөөс 2 цаг гаруйн дараа гэрийнхээ суурин утас руу арай гэж холбогдон мэнд байгаагаа мэдэлцэцгээв. Суурин утас болон өөрийн сүлжээн дотор залгахад миний хэрэглэдэг KDDI компаний (манай мобикомын хөрөнгө оруулагчдийн нэг) утас л хааяа холбогдож байна лээ. Харин бусад операторуудын гар утаснууд маргааш өдрийн орой хүртэл холбогдох боломжгүй хэвээрээ байсан.

Азаар гайгүй сайн танил нэгэн дүү хүүгийн гэр 4 буудал гаруй зайтай байж таарч би ч тэднийд хоног төөрүүлэхээр шийдлээ. 10-аад минут алхаж галт тэрэгний буудал дээр ирвэл буудлын дотно гаднагүй бөөн хүн бөөгнөрчихсөн, галт тэрэг тэр өдөртөө явж эхлэхгүй тухай мэдээлж байсан учир дүү хүүгийнх рүү алхахаас өөр аргагүй болов. Буудлын ойролцоо спорт заалыг хоргодох байр болгосон, хүсвэл тэнд хонож болно гэж зарлаж байсан ч буудлын шалаар картон цаас дэвсээд сууж, хэвтэж байгаа хүн нэлээд олон харагдсан. Замдаа очиж байгаагаа мэдэгдэх гэж залгасан боловч гар утас огт холбогдохгүй байв. Ажил тарах цаг болж байсан болохоор Токио хотын зүүн зах орчимоос төв рүү чиглэсэн галт тэрэгний замыг дагаад дүү хүүгийн гэр лүү алхаж явахад явган хүний замаар дүүрэн хүмүүс зай завсаргүй чихцэлдэн алхацгаана. Замд зарим газар шавар тогтож газраас ус оргилсон ул мөр үлдэж, зарим машины зогсоолын бетонон талбай хагарсанаас өөр гэмтэл нуралт анзаарагдаагүй. Замдаа өөр нэгэн буудлын барилгад ороход том зурагт тавиад урд нь хүмүүс бөөгнөрсөн, цунамигийн давалгаа орж ирж байгаа, байшингууд нурж байгаа дүр зургууд харагдаж газар хөдлөлт ямархуу хохирол учрууулж байгааг тэгэхэд л анх төсөөлж эхэлсэн. алхаж байхад замд тааралдсан ихэнх дэлгүүрүүд тоггүйгээс цагаасаа эрт хаасан, 24 цагийн харанхуй дэлгүүрүүд (конбини) болон таксфоны дэргэд уртаас урт оочир бий болчихсон, хмүүсийн зай завсраар өнгийвөл бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүний лангуу хов хоосон, үлдсэн шоколад, чипс мэтийг л хүмүүс авч байгаа харагдана. Харин гудамжны ундааны автоматууд бүгд ажиллагаатай байна лээ.

Сүүлд сонсвол тэр орой унадаг дугуй зардаг дэлгүүрийн орлого хэд дахин нэмэгдсэн дуулдсан. Унаагүй болсон хүмүүс газар дээр нь дугуй худалдаж авч харьж байсан гэнэ. Машин замууд бас бөглөрсөн ч зогссон машинуудын хоорондуур саатахгүй сүлжих мотоциклтэй хүмүүс л атаархмаар харагдаж байна лээ. Замдаа зарим нэг онгорхой дэлгүүрт саатаж, галт тэрэгний буудалд мэдээ үзэж саатаж байсныг эс тооцвол бараг 3 цаг гаруй алхаж байж нэлээд орой болсон хойно дүү хүүгийнд очвол хадам аав нь монголоос ирчихсэн 2-уулхнаа байна, эхнэр нь газар хөдлөлтөөс 2 цагийн дараа төрсөн, эмнэлэгт байгаа гэнэ. Дүү хүүгийнд хоноод, маргааш нь шинэ хүн, ээж 2-ийг нь эргэлцэв. Үдээс өмнө гэрийн хүнээс утасны дуудлага ирж, аймаар юм болж байна, буцах талаар бодвол яасан юм бэ гэж асууж байна. Байдлыг харж байж больё, одоохондоо шаардлагагүй биз дээ гэж хариулав. Үдээс хойш дахин дуудлага ирж, дөнгөж сая атомын станц дэлбэрчихлээ, онгоцны билетээ захилаа шүү гэсэн "мэдэгдэл" ирэв. Яараад хэрэггүй, айж сүрдэхээр аюултай дэлбэрэлт биш гэж мэдээлж байгааг хэлж тайвшруулав. Цаг гаруйн дараа монголоос дуудлага ирж, бушуухан буцаж ирцгээ гэсэн "шаардлага" хүлээн авав. Өмнөөс нь цөөхөн хэдэн тайлбар хэлэхийг оролдсон боловч тас загнуулж, за тэгьеэ гэж хариулахаас өөр аргагүйд хүрэв.  Үдийн үеэс хурдны замын автобус явж эхэлсэнийг дуулаад утсаар захиалга өгөх гэсэн боловч холбогдож чаддаггүй, гэр лүү гээ утастаж интернетээр оройн 7 цагийн захиалга өгүүлэв. Харин дараа нь хурдан галт тэрэг (шинкансэн) явж эхэлсэн тухай мэдээгээр үзээд автобусны захиалгаа буцааж, явж эхэлсэн хамгийн галт тэргээр оройн 7 цагт сая л нэг юм гэрийн зүг хөдлөв. Эхний галт тэрэг учир пиг хүнтэй, сул суудлагүй, мөн аюулгүйн үүднээс ердийн үеийнхээс нэлээд удаан явсаар оройн 11 цагт л нэг юм гэрийн бараа харсан даа.

хоргодсон нь...

3 comments:

Гилийн хатан said...

uuniig chin unshih geed huleegeed bailaa

Гилийн хатан said...

ingehed neg asuult bainaa

chinii blogt shine bichleg nemegdsen eseh ni minii blogoos medegddeggui um. Blog chin listiin hamgiin dor baigaad l baidgiin. Ene tohiruulgiig chi hiichihne gej baih uu? Busad blogt bichleg nemegdsen bol deeshleed l yavaad baidag.

Chamaig mundag bolohoor chin tegj bodloo, hehe

Cаарал said...

Би ямар нэгэн хаалт хашилт хийгээгүй, Ногоохон блог эд нарт бол зүгээр л харагдаж байна лээ. Тэгэхээр танай тэр хавид л бачим учир гарсан бололтой.

Post a Comment