2011/06/10

Хямралаа гэж...

Улс орнуудын эдийн засаг сайн муу яваа эсэхийг толгой эргэм олон үзүүлэлтээр гаргадаг бололтой юм. Зарим нөхдүүд зарим нэгийг нь хараад сэргэж байна гэх, нөгөө зарим нь өөр нэгийг нь хараад эсрэгээрээ унаж байна гэж нотлох. Эдийн засгийн мэргэжил, мэдлэггүй юм болохоороо би лав хоёрхон үзүүлэлтийг нь голлож хардаг юм. Эхнийх нь шинэ жилээр манай багшийн өрөөний хаалганы гадна хураагддаг календарын тоо. Эндхийн компаниуд шинэ жилээр сурталчилгаа маягийн календарууд гаргаж ажил хэргийн болоод бусад элдэв хэлхээ холбоотой компани, хүмүүст тараадаг юм.

2008 оны шинэ жилээр багшийн өрөөний гадна 30-аад календар хураагдаж, мань мэт нь лав гэрийнхээ хана болгонд шахуу өлгөж өнгө алаглуулж байсан нь эдийн засаг ид сайхан байсан цаг үеийн илэрхийлэл болж байсан гэлтэй. Лийман шокоос эхтэй их хямралын нөлөө байх, дараа дараачийн шинэ жилүүдээр багшийн өрөөний үүдэнд ганц ч календар харагдсангүй. Харин өнгөрсөн шинэ жилээр 3 календар тавигдсаныг хараад хямралаар унасан эдийн засаг 10% сэргэж байгаа юм байна гэж бодож байлаа.

Нөгөө нэг үзүүлэлт нь никкэй индекс. Хямралын өмнө 18000 хүрч байсан энэ үзүүлэлт 2008 оны сүүл үеэс 7400 хүрч унасан байдаг. Дараа нь тасралтгүй өсч 10000-ын босгыг даваад байсан боловч Грекийн болон Египтийн хямралын үеэр хэсэг унав. Эргээд өсмөөр аядаж байтал газар хөдлөлт, цунамигийн гамшиг тохиолдов. Гамшиг Япон улсыг сөнөөлөө, азийг хөлдөө чирлээ, дэлхийг дахин хямралд дуудлаа гэх мэтээр цуурцгааж байсан боловч никкеи индекс ойролцоогоор 9500 буюу санаснаас гайгүй тоон дээр хэлбэлзэж байна. Ямартаа ч байсан миний ойлголтоор хямралын хэмжээнд хүртлээ доройтохгүй бололтой.

Хямралд хамгийн түрүүнд хэт өндөр үнэтэй, тансаг хэрэглээний бүтээгдэхүүнүүд өртөж лангуун дээрээ тоосонд дарагдаж эхлэв. Бараг машины үнэтэй бүтэн биеийн массажны сандалууд, элдэв нян устгаж, хоол хүнсийг ариусгах ид шидтэй хөргөгчүүдийг тоож харах ч хүнгүй болж тиймэрхүү бараатай, үнэтэй дэлгүүрүүд дампуурч эхлэв. Манай жижигхэн хотод л гэхэд хамгийн өндөр үнэтэй, хамгийн тансаг 6 давхар дэлгүүрийг ор мөргүй нурааж газрыг нь төлбөртэй зогсоол болгож байх жишээтэй. Зам дагуу бараг тав хаазлахад 1 дампуурсан дэлгүүр, 1 түрээслэгч хайсан зар өлгөөтэй байдаг болж. Эсрэгээрээ 100 иений болон хямд хятад бараатай дэлгүүрийн бизнес цэцэглэж байна. Мөн хуучин барааны гүйлгээ нэмэгдэж хуучин машины үнэ бараг л тэнгэрт хадаж байх юм.

Хүнсий дэлгүүрүүд хэн нь илүү хямд бүтээгдэхүүн гаргаж байна гэдгээрээ өрсөлддөг болж. Сохорсон биш завшив гэгчээр хямралын өмнө 100 иенээс буудаггүй байсан талх, 350 грамын пяавыг 70, 80-хан иенээр аль ч дэлгүүрээс авч идэж уух боломжтой болов. Иений ханш чангарч байгаагийн нөлөө ч байж болох л юм. Гэхдээ жимс, гурилан бүтээгдэхүүн тэргүүтэн өмнөхөөс бараг нугаларсан үнэтэй байх. Цалин багатай царай муутай мань мэтийнхний аврал болдог цагийн ажлын зар нүдний гэм болсон байна. Гэхдээ идэх хэрэгцээ хэзээд байдаг хойно хоолны газарт аяга таваг угаах мэтийн байто бол бас ч гэж байгаад байх бололтой юмаа.

Компаниудын ажиллагаа доголдож эхлэхээр календараа ч хэвлүүлж чадахаа байна. Календар хэвлүүлж чаддаггүй компаний хувьцааны ханш унах нь мэдээж. Ханш муутай компани ашиггүй болж цалингаа хасна. Цалингүй хүн юм худалдаж авахаа байна. Бараа нь гүйхгүй болохоор компаниудын ажиллагаа улам бүр дордоно. Гэх мэтчилэн гарах гарцгүй цагираган хэлхээ үргэлжилнэ. Эдийн засаг мэддэггүй хүний нүдээр эдийн засгийн хямрал гэж нэг иймэрхүү дүр зураг харагдаж байх юм. Дараагийн удаад газар хөдлөлт, гамшигийн тухай зураглах гээд үздэг ч юм билүү. 100 жилд 1 тохиолдох хямрал, 1000 жилд 1 тохиолдох гамшигийн үед амьдарч үзнэ гэдэг хүссэн хүн бүхэн тохиодоггүй "эз" байж магадгүй юм шүү. Зуд болоход нохой зоолно мэтийн юм битгий бодоорой. 100 жилийн дараа тохиолдох хямралын үед сургамж болгох гэсэн юм.

7 comments:

Nogoohon said...

Яанаа би наадах руу чинь очих гэж байхад хямрал болоод байдаг. Гэхдээ хүмүүс амьдраад л байгаа юм чинь болох л байхдаа тийм ээ?

Koyuki said...

Ungursun onii ehnees delguuruud dampuurch baigaa ni manai hotod ilt medegdej ehelsen. Umnu ni bi anzaarahgui baisan ch yum uu. Hunsnii yumnii une bol minii avdag hediin huvid ulam l usuud baigaa yum shig sanagdaad baigaa.

Anonymous said...

Yopon chine asar ih ortei uls l daa odoogoor 1 hund 100 000US$-iin or noogddog geed baigaa. Iim baij busad ulsuudad tuslamj ene ter ogood baidag. Het baruunii strategtei uls l yumuu irgenee hairladaggui. Baruund baigaad yoponiig sudlahad asar ih tsochirdmoor medeelluud gardag getel yopond baigaa manaihan ene talaar tas nuutsalj dardag n ih ul buteh handlaga sanagddag.

david santos said...

Congratulations for yowr work. have a nice weekend.

Ogi's wonderland said...

Гоё бичжээ. Үнэхээр энэ нийгэмд хөл нийлүүлэн амьдарч байгаа нэгний хувьд хэлэхэд өөрийн чинь ажиглалтуудыг оновчтой болжээ гэж бодож байна. Би бас календараа сургуулийнхаа номын сангаас авдаг байсан ч энэ жил нээрээ л гарч ирээгүй дэ.

Ogi's wonderland said...

Мөн цаг зав гарвал блог-оо эргээд хөтлөөрэй.

бж said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Post a Comment