2012 онд галав юүлэхгүй
Сүүлийн үед 2012 оны 12-р сард болох дэлхийн сүйрлийн тухай олон тооны нийтлэлүүд вэб сайт, блогуудаар нийтлэгдэж байгаа билээ. Эдгээр нийтлэлүүд нь бизнесийн зорилгоор тараагдаж байгаа гэдэгтэй санал нийлэх хүн олон байдаг бөгөөд энэ зорилгоо ч амжилттай биелүүлж байгаа бололтой юм. 2006 оны тавдугаар сард “The Return of Quetzalcoatl” ном хэвлэгдэн мөн оны эцсээр Мэл Гибсоны найруулсан “Apocalypse” кино бүтээгдсэнээр 2012 оны сүйрлийн тухай дэлхий даяар шуугиж эхэлсэн билээ.
2008 онд гэхэд л "Temple At The Center Of Time: Newton’s Bible Codex Finally Deciphered and the Year" ном amazon.com сайтын шилдэг борлуулалт бүхий 100 номын тоонд багтаад зогсохгүй түүхийн сэдэвтэй бестселлерийн номер1 номоор шалгарч байсан билээ. Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн "2012" кино гэхэд л 65 сая долларын орлого олж box-office-ийн долоо хоногийн жагсаалтыг хол тасархай тэргүүлж байна.
2012 онд дэлхий үнэхээр сөнөх эсэх талаархи мэдээллүүдийг ихэнх хүмүүс шинжлэх ухааны үүднээс ойлгож, хүлээж авч байгаа билээ. Гэхдээ эдгээр мэдээллүүд нь сүсэг бишрэлтэй болон гутранги үзэлтэй зарим хүмүүсийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй юм. Ингээд дэлхийг сүйрэлд хүргэнэ хэмээн таамаглаж буй хүчин зүйлүүдийн хэр үнэн эсэх талаар НАСА-гийн албан ёсны веб хуудсанд нийтлэгдсэн хамгийн бодитой мэдээлийг тоймлон хүргэе.
Сүйрлийн тухай мэдээллийн эх үүсвэр
Дэлхийн сүйрлийн тухай мэдээллүүдийн анхдагч эх үүсвэр нь эртний соёл иргэншлүүдийн домог үлгэр дээр үндэслэгдсэн зохиолоос үүдэлтэй юм. Нэгэнт домог ярианаас үүдэлтэй зүйлд итгэж үнэмших нь шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжлийн үед амьдарч байгаа бидний хувьд туйлын утгагүй хэрэг бөгөөд 2012 онд дэлхий сүйрэхгүй гэдэг эхний баталгаа болж байгаа юм. Эдгээр домгийн чанартай эх үүсвэрүүдийн тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Галааридын блогоос уншина уу.
Nibiru, Planet X, Eris хэмээх гаригууд дэлхийтэй мөргөлдөх магадлал
НАСА-гийн эрдэмтдийн мэдэгдэж байгаагаар Nibiru, Planet X хэмээн нэрлэгдэх гаригууд огт байдаггүй байна. Хэрэв ийм гариг байгаад 2012 онд дэлхийтэй мөргөлдөхөөр байгаа бол одон орончид хамгийн багадаа арван жилийн өмнөөс илрүүлж, уг гариг нь энгийн нүдэнд харагдах хэмжээгээр дэлхийд ойртож ирсэн байх ёстой гэнэ. Харин Eris хэмээх гариг бий боловч өөр нарны аймагт хамаарагддаг бөгөөд дэлхийтэй мөргөлдөх байтугай хамгийн ойрхондоо 6.4 тэрбум км зайтай зөрж өнгөрдөг ажээ.
Сүүлт од унах аюул
Дэлхийн агаар мандалд олон тооны сүүлт од, тэдгээрийн үлдэгдэл орж ирдэг боловч томоохон хэмжээний солир маш ховор тохиолддог. Хамгийн сүүлчийн томоохон солир 65 мянган жилийн өмнө дэлхийн гадаргад унаж үлэг гүрвэлүүдийг мөхөлд хүргэсэн гэж үздэг. Одоо ашиглагдаж буй НАСА-гийн сансрын аюлгүйн хяналтын "Spaceguard Survey" систем нь дэлхийд ойртож ирсэн томоохон солирыг хангалттай хол зайнаас илрүүлж чаддаг ажээ. Уг системийн тусламжтайгаар ойрын хугацаанд дэлхийд ойртон ирэх томоохон солир байхгүйг тодорхойлсон байна. Үүнтэй холбоотой мэдээллүүд НАСА-гийн NASA NEO Program Office веб хуудсанд тогтмол нийтлэгддэг бөгөөд хүсвэл та өөрөө ч 2012 онд ямар нэгэн солир унахгүй гэдгийг шалгаж болох ажээ.
Мааяа нарын он тооллын төгсгөл
Мааяа нарын он тоолол бүрэн төгсчихөөгүй бөгөөд зөвхөн урт хугацааны тооллын нэгэн үе 2012 онд дуусч, дараа оны 1 сарын 1-ээс дахин шинэ урт хугацааны тоолол эхэлж байгаа юм. Тэгээд ч календарын хуудас дууссанаар ямар нэгэн гамшиг, сүйрэл болно гэж ойлгох нь утгагүй хэрэг билээ.
Гариг эрхсийн жагсаалын нөлөө
Ойрын хэдэн арван жилийн хугацаанд гариг эрхэсийн ямар нэгэн жагсаал болохгүй юм байна. Мөн дэлхий 2012 онд галактикийн хавтгайг хөндлөн гарахгуй бөгөөд гаригуудын жагсаал болсон ч дэлхийд үзүүлэх нөлөө маш өчүүхэн байх болно. Харин жил бүрийн 12 сард дэлхий болон нар галактикийн сүүн замын тэнхлэгтэй давхцдаг боловч тухайн үед болдог үйл явдалд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй юм.
Туйлуудын шилжилт, дэлхийн гадарга богино хугацаанд 180 градус эргэх
Эрдэмтдийн өгүүлж байгаагаар ийм шилжилт байх боломжгүй ажээ. Эх газрууд урт удаан хугацааны турш аажим шилждэг (жишээ нь антарктид тив 100 мянган жилийн өмнө экваторын ойролцоо байрлаж байсан) боловч туйлууд эргэж, шилжих ойлголт байдаггүй. Харин соронзон орны шилжилт 400 мянган жилийн хугацаагаар үргэлжлэн явагддаг боловч энэ нь дэлхий дээрх амьдралыг сүйрэлд хүргэх хэмжээний нөлөө үзүүлдэггүй байна. Соронзон орны хамгийн ойрын мэдэгдэхүйц шилжилт хэдэн мянган арван жилийн дараа болох ажээ.
Нарны соронзон шуурганы аюул
Нарны идэвхжил тогтмол хугацаанд адил давтамжтай явагддаг бөгөөд хамгийн өндөр идэвхжил ойролцоогоор 11 жилд нэг удаа тохиолддог байна. Өндөр идэвхжилийн үед зарим хиймэл дагуулийн холбоо тасрах тохиолдол байдаг бөгөөд эрдэмтэд үүнээс хэрхэн сэргийлэх талаар эрчимтэй судлаж байгаа юм. Нарны дараачын өндөр идэвхжил 2012-2014 оны хооронд болох боловч сүйрэлд хүргэх хэмжээнд хүрэх боломжгүй, урьд нь тохиолддогтой адил хүн амьтанд бараг нөлөөлөхгүй ажээ.








