2011/03/13

Газар хөдлөлт, цунами...

Япон даяар түймэр асч байна, Токио хот усанд автаж хүмүүс байшингийн дээвэр дээр бөөгнөрч байна, бүх хурдны зам эвдэрч харилцаа холбоо бүрэн тасарсан, хоёр дахь Чернобыл боллоо гэж мэтчилэн монголын зарим телевизийн мэдээллийн хөтөлбөрүүд болон сонин, веб сайтуудаар мэдээлж байгааг ажиглахад газар хөдлөлт, цунамигаас үүдэлтэй хохирлын хэмжээг алдаатай, хэт дэврүүлэн мэдээлж буруу ойлголт төрүүлж байх шиг байна. Мөн төрөл садны болон, найз нөхдүүдээс бушуухан монголд буцаж ирэхийг хүссэн, шаардсан утасны дуудлага, мессенжер офлайн, онлайн цөөнгүй хүлээж авлаа. Хэдийгээр гамшгийн тухай маш олон сувгаар дэлгэрэнгүй мэдээлж байгаа боловч илүү үнэн зөв ойлголт төрүүлэх үүднээс газар дээрээс нь илүү бодит мэдээлэл хүргэхийг зорив.

Юуны өмнө энэ удаагийн газар хөдлөлт япон улсын түүхэнд тохиолдож байсан хамгийн том, 1900 оноос хойших дэлхийн түүхэнд 4 дэх томоохон газар хөдлөлтөд тооцогдож байна. Нарийвчилсан хэмжилт, тооцоогоор газар хөдлөлтийн хүч магнитуаар 8.8 бус 9.0 балл байсан тухай өчигдөр мэдээллээ. Энэ нь 2004 оны индонезийн газар хөдлөлттэй энэ зэрэгцэнэ гэсэн үг юм. Хохирлын хэмжээ цаг өнгөрөх тусам нэмэгдэж байна. Өнөөдөр өглөөний байдлаар нийт 13 муж, хотод нас барсан хүний тоо 1598-д, сураггүй алга болсон хүний тоо 1700-д тус тус хүрлээ. Нийт 6 мужийн 1610 байрлалд 270 мянган хүн аюулгүй газарт байрлаж байна. Нийт 20 мянга орчим хүн амтай байсан Мияги мужийн Ми­намисанрику хот газрын хөрснөөс үндсэндээ арчигдаж 10 мян­ган оршин суугч амьд эсэх нь тодорхойгүй байна. NHK-ийн мэдээлж байгаагаар нийт нас барагсдын тоо 20 мянгад хүрэх магадлалтай гэв.

Хэдийгээр газар хөдлөлтийн хүч, цунами болон хохирлын хэмжээ өндөр байгаа боловч зарим хүмүүсийн ойлгож байгаа шиг гамшиг бүх японыг хамраагүй юм. Дээр хэлсэнчилэн хүний амь эрсэдсэн 13 муж хотууд дотроос гамшиг, хохирлын дийлэнх хэсэг нь 3 мужид төвлөрч байна. Мияги мужид 643, Иватэд 502, Фүкүшимад 401 хүн тус тус нас барсан байхад үлдэх мужуудад 1-19 хүн нас барсан байна. Өөрөөр хэлбэл хохирлын 90 хувь нь дээрх 3 мужид оногдож байна гэж ойлгож болно. Эдгээр мужуудад нийт 5.6 сая хүн амьдардаг бөгөөд японы нийт хүн амын 5 орчим хувь нь байгалын гамшигт нэрвэгдэж, амь нас эрүүл мэнд, орон байраараа хохирсон гэсэн үг юм. Гэхдээ ихэвчлэн далайн эргийн хотууд их хэмжээний хохирол амссан бөгөөд газар хөдлөлтөөс илүүтэйгээр цунамигаа
с үүдэлтэй хохирол дийлэнх хувийг эзлэж байна. Үүнээс гадна газар хөдлөлтийн голомтод ойрхон байрлах хойд нутгийн 6 мужид цэвэр ус, цахилгаан, хий, шатахууны хангамж тасалдаж байгааг эс тооцвол аюул гамшиг тохиолдоогүй дийлэнх муж, газар нутагт амьдарч байгаа гадаадын иргэд яаран нутаг буцаад байх шаардлага одоохондоо алга байна. Мөн япон улсын засаг захиргааны нэгж нийтдээ 47 муж, томоохон хотуудад хуваагддагийг хэлэх илүүдэхгүй биз ээ.

11-ний өдөр Фүкүшимагийн атомын цахилгаан станцын 1-р блокийн хөргөлтийн системд дэлбэрэлт болсон бөгөөд цөмийн түлшний алдагдал гараагүй, реакторын битүүмж ямар нэгэн байдлаар алдагдаагүй байна. Харин хөргөлтийн системээс гарсан усны уур болон дэлбэрэлтээс үүдэн бага хэмжээний цацраг ялгарсан боловч энэ нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Одоогийн байдлаар цацрагийн нөлөөнд орсон хүний тоо албан ёсоор 19 байгаа, нийтдээ ойр орчины 600 хүнд нөлөөлсөн байх магадлалтай байна. Цацрагийн хамгийн их ялгарлын хэмжээ цагт 1600 орчим микрозиверт хүрсэн бөгөөд энэ нь хүний биед сөрөгөөр нөлөөлөх хэмжээнээс даруй хэдэн 10 мянга дахин бага үзүүлэлт юм. Жишээ нь эмнэлгийн нөxцөлд бүтэн биеийн компьютер томографын шинжилгээ хийхэд 7200 орчим микрозиверт хэмжээний цацраг туяа хүний биед шингэдэг байна. Одоогоор 1-р блокийн реактор бүрэн аюулгүй болоогүй, 3-р блокийн хөргөлтийн систем мөн адил дэлбэрэх магадлалтай байгаа боловч цацрагийн ялгарал цагт дундажаар 200 микрозиверт хэмжээнд тогтвортой байна. Энэ тухай дэлгэрэнгүйгээр эндээс танилцах боломжтой болно.

Эцэст нь санаа тавьж асууж сураглаж байсан найз нөхөд, сайбар андууддаа талархаж байгаагаа хэлмээр байна. Миний амьдран суугаа газар Японы газар нутгийн төв хэсэг бөгөөд хамгийн аюул багатай нутаг юм. Далайтай шууд хиллэдэггүй учир цунамигаас санаа зовох явдалгүй, уулархаг өндөрлөг учир газар хөдлөлт хамгийн цөөхөн буюу хамгийн бага хүчээр мэдрэгддэг, томоохон тайфун тохиолдсон ч хүч нь хэд дахин суларч багахан салхи, бороо болон хувирч ирдэг. Иймд одоогоор гамшигт ямар нэг байдлаар өртөөгүй байна (нулимхад илүүдэхгүй гэж бодов). Хэрэв зурагтаа асаахгүй л бол энд бүх юм хэвийн, цахилгаан, ус, хоол хүнс тасраагүй, ажил амьдрал хэвийн үргэлжилж байна. Газар хөдлөлт, цунами японы эдийн засагт их хэмжээний хохирол учруулах нь мэдээжийн хэрэг юм. Харин тэр хохирлын хэмжээ хэр их байх бол, бидний цаашдын амьдралд хэр их нөлөөлөх бол гэдэг л бага зэрэг санаа зовоож байна даа, одоохондоо.


Үүнийг бичиж байх үед дээрх атомын станцын 3-р блокт хөргөлтийн систем мөн адил дэлбэрсэн байна. 7 хүн сураггүй алга болсон гэгдэж байсан боловч бүгд эсэн мэнд олджээ. Хэд хэдэн хүн шархдсан бололтой. Цөмийн түлшний алдагдал гарсан эсэх болон цацрагийн ялгарлын хэмжээг шалгаж байгаа гэнэ.

7 comments:

Дестини said...

Би бас хараад л байна. Зориуд чиний блог уруу орж мэдээлэл авахыг хүсэв. Токио бас эвгүй байгаа юу?

Cаарал said...

токиогийн тухай бас удахгүй бичих гээд сууж байна, яг газар хөдлөлтийн үеэр би бас токиод байж таарсан

Гилийн хатан said...

Harin manaihan buh Japan dayar l hetsuu bgaa met buruu oilgolt tsatsna bilee

chuups said...

dahiad gazar hodlono geed bgaa ni unen uu?

Nogoohon said...

За гайгүй байгаа бол яамай даа. Энд чинь зүгээр 11-нд бараг Японы арал тэр чигээрээ сүйрч байгаа юм шиг л байлаа шдээ. Япончууд нь өөрсдөө сандраагүй байхад манайхан өмнөөс нь сандралдаад гүйлдээд байгаа юм бишүү. Би л гэхэд наана чинь байгаа хэдэн найз дүү нар луугаа байнгын залгаастай маргаашийн онгоцоор ир гэчихсэн л сууж байлаа шд. Харин найз нар маань өөдөөс шоолоод инээгээд байгаа юм биш үү. Хэхэхэ

ganga said...

Японд байдаг хэдэн блогчид маань газар дээрээс нь мэдээлэл бичээд дажгүй байгаа юм байна. Сайн сайхныг хүсье.

etvgen said...

Арал нь бүүр сүүр ч байгаа юм шиг л айхтар айхтар мэдээ цацаад байсан л даа Газар нутаг өгөх нтр тиймэрхүү яриа хүртэл хүмүүсийн дунд тарчихсан... хэхэ

Post a Comment