Хэд хоногийн өмнө нэгэн блогт бичих гэтэл арай уртдаад байсан сэтгэгдэлээ бичлэг болгон бичиж байна. Ногоохон блогийн "муу мэдээ"-нд манай нийслэл хотын авто замын ослоос шалтгаалан олон хүн нас барж байгаа, тооны хувьд багахан шиг дайны хэмжээнд хүрээд байгаа тухай дурдсан байсан. Сэтгэгдэлдээ зарим нэг тоо оруулж хүч нэмэгдүүлэх үүднээс хэд хэдэн цахим хуудас нээж үзэн, ганц хоёр тоо нэмж хасч үзвэл үнэхээр "муу мэдээ"-нд бичигдсэн санааг батлах мэт тун ч сонирхолтой хариунууд гарав. Юуны өмнө орчин үеийн жинхэнэ дайнд хэдэн хүн хэлмэгдэж амь насаа алддаг бол гэдгийг тооцож үзэв. Өнөөдрийг хүртэл Ирак болон Афганистаны дайнд зөвхөн Америкаас гэхэд л хамгийн олон буюу 4790 цэрэг амь үрэгджээ. Энэ тоог хүн амын тоонд нь харьцуулж үзвэл 100 мянган хүн амд ноогдох нас баралт 1.54 гэсэн тоо гарч байна.
Замын Цагдаагийн Газрын веб хуудсанд дурдсанаар жилд манай улсад 530 хүн авто тээврийн ослоос амь насаа алддаг гэжээ. 100 мянган хүн амд ноогдох нас баралтыг тооцож үзвэл 19.4 гарна. Өөрөөр хэлбэл Ирак, Афганистаны дайнд нас барсан америк цэргүүдийн тооноос даруй 12.6 дахин олон хүн нас барж байгааг харж болно. Яах аргагүй манай улсын авто замын хөдөлгөөн орчин үеийн томоохон хэмжээний дайн байлдаанаас илүү олон хүний амь насыг авч одож байгаа гэсэн Ногоохон блогийн санааг батлаж байна. Мөн ЗЦГ-ийн мэдээгээр 2009 онд авто ослоос амь насаараа хэлмэгдэгсдийн 36 нь 0-17 насны хүүхдүүд байжээ. Үүнийг мөн адил 100 мянган хүн тутамд шилжүүлж үзэхэд өвчин эмгэг бус зуурдаар амь насаа алдаж байгаа хүүхдүүдийн тоо 1.33 байгаа нь жишээ болгож буй Ирак, Афганистаны дайнд үрэгдэгсдийн хэмжээнд дөхөж очоод байгаа бөгөөд үнэхээр сэтгэл эмзэглүүлэхгүй байхын аргагүй юм.
Автомашины осол аваариас шалтгаалан олон хүн нас барж байсан үеийг дайнтай зүйрлэсэн хэллэг япончуудын дунд тархсан байдаг. Япон улсад одоогоос 40-өөд жилийн өмнө авто тээврийн осол, аваари эрс нэмэгдэж, нас барагчдийн тоо оргил үедээ буюу 1970 онд 16765-д хүрч, төр засаг, компани байгууллагууд, иргэдийн санааг зовоосон тэргүүн зэргийн асуудал болж байсан юм. Тухайн үед 100 мянган хүнд харьцуулсан нас баралт (хүн ам 103 сая 720 мянга байсан) 16.14 байжээ. Харин дээр дурдсанаар манай улсын өнөөдрийн үзүүлэлт 19.4 байгаа нь авто замын нөхцөл байдал 40 жилийн өмнөх японоос дор байгааг харуулж байгаа хэрэг юм.
Осол аваарыг бууруулах, замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэхэд манайханд туршлага болгон авч хэрэгжүүлэхээр зүйлүүд цөөнгүй байггаа гэдэг үүднээс "замын хөдөлгөөний дайн" болон япончууд түүнтэй ямар арга хэлбэрээр тэмцэж байсныг сонирхож үзэв. Дэлхийн 2-р дайнд ялагдсан Япон улсыг сэргээн босгох ажил дайны дараагаас эхлэн бүтээн байгуулалт эрчимтэй явагдах болсоноос ачааны машин олон тоогоор шаардлагатай болж үйлдвэрлэлийн хэмжээ ч эрс өсч эхэлжээ. Эдийн засаг сэргэхийн хэрээр ачааны машины тоо нэмэгдэж, овор хэмжээ, даац, хүч чадал ч үе шаттайгаар нэмэгдэж эхэлсэн байна.
Үүнтэй холбоотойгоор 1955-1964 онуудад ачааны машинаас шалтгаалсан осол, аваари олширч, амь насаараа хохирогчдын тоо нэмэгдэн "замын хөдөлгөөний дайн" хэмээн нэрлэгдэх болсон байна. 1950 оноос Тоёота кроун машин худалдаанд гарсанаас эхлэн төрөл бүрийн суудлын тэрэг үйлдвэрлэгдэх болж хэрэглээ ч нэмэгдэж эхэлжээ. Мөн Токиогийн олимпын бэлтгэлийн хүрээнд спорт цогцолборуудыг барьж байгуулах зэрэг төлөвлөгөөт ажлууд хийгдэж үүнтэй холбоотойгоор ачааны машины жолооч нар автомашины хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх явдал хэвийн үзэгдэл болсон байна.
Тухайн үед замын хөдөлгөөний хууль, дүрэм боловсронгуй болоогүй, хохирол багатай осол бүрийг тэр болгон шалгаж арга хэмжээ авдаггүй байжээ. Мөн авто замуудын гарц, замын тэмдэглэгээ болон гэрэл дохио хангалттай суурилуулагдаагүй, суурилуулагдсан ч ажиллагааны чанар муу байснаас шалтгаалан нас барагчдын дийлэнх хувийг явган зорчигчид эзлэж, түүний дундаас хүүхдүүд хамгийн ихээр хэлмэгдэх болжээ. Автозамын ослоос шалтгаалан нас барагчдын тоо 10-аадхан жилийн дотор 2-3 дахин нэмэгдсэн нь хэн бүхний анхаарлыг татаж осол, аваарийг бууруулах арга хэмжээг эрчимтэй авч эхэлсэн байна.
1959 оноос дунд сургуулиудын ойролцоох гэрэл дохио болон явган гарцын дэргэд жолооч нарт тугаар дохио өгч, хүүхдүүдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах хүмүүсийг ажиллуулж эхэлжээ. Мөн иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой мэдлэг боловсрол олгох хөдөлгөөнийг өрнүүлсэн байна. Улс даяар замын цагдаагийн газраас зохион байгуулж хэрэгжүүлдэг хөдөлгөөний аюлгүй ажиллагааны арга хэмжээг онцгойлон явган зорчигчдод аюулгүй зорчих дадал олгоход чиглүүлэн хэрэгжүүлж байжээ. 1960-аад оны үеэс хүүхдүүдэд зориулан "зогс, харж шалга, дараа нь зорч" дүрмийг хэрэгжүүлэх, 1965 оноос гарцаар гарах үед гараа өргөж дохио өгөх хөдөлгөөнийг тус тус өрнүүлжээ.
Мөн түүнчлэн замын хөдөлгөөний дүрмийн зөрчилтэй холбоотойгоор жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг чангалж автомашин жолоодож байх үед хүний амь нас хохироосон тохиолдолд 3 жилийн хорих ялаар шийтгэдэг байсныг 1968 оноос 5 жил болгон нэмэгдүүлсэн байна. 1970-аад оны үеэс худалдаа үйлчилгээний зэрэг явган зорчигч олонтой дүүргүүдэд автомашин болон хүний хөдөлгөөнийг бүрэн тусгаарлах, тухайн үед америкт хэрэгжүүлж байсан "автомашингүй бүс" туршлагыг хэрэгжүүлжээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд 1970 оноос эхлэн замын хөдөлгөөний осол болон түүнээс шалтгаалах нас баралтын тоо жил бүр буурч эхэлсэн байна.
Харин 1980-аад оноос осол аваари болон нас барагчдын тоо дахин нэмэгдэж эхэлжээ. Нас барагчдын тоо 1988 онд 10 мянгыг давж "замын хөдөлгөөний 2-р дайн" гэж нэрлэгдэх болсон байна. Өмнөх үед ихэвчлэн явган зорчигчид авто замын ослоор амь насаа алдаж байсан бол 1975 оноос жолооч болон машинаар зорчигчдын нас баралт дийлэнх хувийг эзлэх болжээ. Тухайн үед суудлын автомашин хэрэглэгчийн тоо эрс нэмэгдэж байсан боловч түүнтэй холбоотойгоор цагдаагийн хяналт шалгалтын үйл ажиллагааны зохион байгуулалт хангалтгүй байсан байна. 1980-1990-ээд оны хооронд 16-24 насны залуучууд автомашин жолоодох үед осолд өртөж нас барах тохиолдол нэмэгдэж эхлэв.
Энэ үеэс жолооч нарыг өөрсдөө ухамсарлан автозамын ослоос сэргийлэх дадал эзэмшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Ослын нөхцөл, онцлог шинж чанарыг таниулах, ослоос сэргийлэх аюулгүй жолоодлого хэрхэн хийх зэрэг аваари ослоос урьдчилан сэргийлэх сургалтын систем боловсруулан нэвтрүүлж эхэлжээ. Мөн шинэ жолоочийн нас, хүйс, жолоодлогын онцлогт тохируулсан сургалтын хэлбэрүүдийг бий болгосон байна. 1980-аад оноос жолооч болон бүх зочигчдыг суудлийн даруулга хэрэглэх, 1990 оноос 6-аас доош насны хүүхдэд зориулалтын суудал хэрэглэх шаардлагыг тус тус тавих болжээ. Эдгээр арга хэмжээний дүнд авто ослоор нас барагчдын тоо жил дараалан тогтвортой буурч өнгөрсөн оны байдлаар 4914-т хүрээд байна.
Харин засгийн газар болон хууль сахиулах байгууллагууд үүнд санаа амарсангүй, тухайн цаг үеийн онцлогт тохируулан осол аваари болоод нас барагчдын тоог илүү бууруулах арга хэмжээнүүдийг авсаар байна. Өнөөдөр япон улсын нийт автомашиний тоо 90 сая, машин жолоодох үнэмлэхтэй хүний тоо 78 саяд тус тус хүрээд байна. 20 жилийн өмнө авто ослоор нас барагчдын дийлэнх хувийг залуу жолооч нар эзлэж байсан бол өнөөдрийн байдлаар 65-аас дээш насны хүмүүсийн үхэл голлож болжээ. Үүнтэй холбоотойгоор өндөр насны жолооч нарыг автомашин жолоодох чадвартай эсэхийг шинжилгээгээр тогтоож байж замын хөдөлгөөнд оролцуулах, автомашиндаа "ахмад жолооч" тэмдэглэгээ хадах зэрэг шаардлагуудыг тавьж байна.
Согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн буруутай ослын уршигаар хөдөлгөөнд оролцож байсан автомашин далайд унаж нэг гэр бүлийн 1-4 насны гурван хүүхэд нас барсан харамсалтай хэрэг 2006 онд гарав. Энэ мэт согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой хүнд хэлбэрийн осол олон гарч байгаагаас улбаалан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодсон тохиолдолд өмнө нь зөвхөн торгох шийтгэл оногдуулдаг байсан бол 2007 оноос ямар нэгэн осол гаргаагүй байлаа ч 2 жил хорих ял эдлүүлэхээр шийтгэлийг хүндрүүлээд байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэснийг нь мэдсээр байж автомашин жолоодох боломж олгосон, хамт согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг хүртэл шийтгэх арга хэмжээг авч байна.
Sakurasick
-
Сакура санасан хүнд ийм гэнэтийн бэлэг ирэв.
Яг үнэндээ 7 жил гадаад харилцаатай холбоотой ажил хийгээд больсон ч гадаад
харилцааны ажил надаас болих...
6 days ago


8 comments:
Сайхан нийтлэл байна. Ойрд манай нийслэлд "Замын хөдөлгөөний дүрмийг баримталъя" гэдэг хөдөлгөөн өрнөж байна. Энэ нь уулзвар бүр дээр байрлуулсан камерийн тусламжтайгаар дүрэм зөрчсөн жолоочийг илрүүлж дараагийн уулзвар дээр зогсож байгаа цагдаа нартаа мэдэгдэж тэд нар нь тухайн жолоочийг зогсоон торгох арга хэмжээ авч байна. Их үр дүнтэй болж байгаа шүү. Нэг хэсэг "Суудлын бүс" гэдэг хөдөлгөөн өрнүүлж бүсээ бүслээгүй жолооч болгоныг хайр найргүй торгосны хүчинд бүгд бүсээ бүслэдэг болсон байсан ч одоо буцаад л больчихоод байна. Хүмүүсийн нийгмийн ухамсрыг дээшлүүлэх хэрэгтэй байна л даа.
гомдмоор юм өөртөө, чамайг өнөөдөр л оллоо шд, хэхэ.
Шинэ оны мэнд хүргээд, гэр бүлд нь аз жаргал хүсье.
Баярлалаа, шинэ оны мэндээ!
Saihan shinelj bna uu? Odoo chi ih l zavgui baigaa baihdaa. Amjilt husiye.
Tanaihan sain biz dee? Gamshgiin golomtoos hol biz dee?
Та амьд мэнд байгаагаа дуулгаадхаач дээ. ямар ч сураггүй таг болчих юм.
Санаа тавьж, асууж сураглаж байсан сайбар андууддаа баярлалаа. Би болоод манайхан сайн байгаа, ямар нэгэн гамшигт өртөөгүй болно.
Post a Comment