2010/08/11

Дуу ба дурсамж, 30-аас дээш насныханд

Өнгөрсөн үеийн дурсамжийг сэргээдэг хоёрхон зүйл байдаг гэж би ойлгодог юм. Нэг нь фото зураг, нөгөө нь дуу хөгжим. Эхнийх нь бол ойлгомжтой, хаана очиж ямар газар орон үзэж байснаа тухайн үед авсан гэрэл зургаараа л санадаг, зураггүй бол ор тас мартах нь олон. Харин эрт дээр үед таалагдаж сонсож байсан дуу хөгжимөө дахин сонсох үед мартагдсан дурсамж сэргэхээс гадна тухайн үеийн зарим мэдрэмжүүдийг дахин мэдэрч болдогоороо зургаас илүү нөлөөтэй байдаг байж ч магадгүй юм.

30-аас дээш насныхан бидний хувьд хүүхэд ахуйн, сурагч үеийн дурсамжууд ихэнхдээ өнгөрсөн нийгэмтэй холбогддог билээ. Дуу хөгжимөөс авхуулаад олон зүйл тэр л өнгөрсөн нийгэмтэй хамт алга болж мартагдсан байх юм. Хичээлээ тараад өдрийн ихэнхийг гэр зуур өнгөрөөдөг байсан тэр л хүүхэд насны олон дурсамжууд тухайн үед сайхан муухайг нь ялгалгүй сонссоор сэтгэл чих хоёрт маань хоногшсон радиогоор явдаг дуу хөгжимүүдтэй холбоотой байдаг. Хааяа төрсөн гэртээ очоод тоонын зайгаар нүүх үүлнүүдийг ажиглан хэвтэхэд хүүхэд байхдаа яг тэгж хэвтэж байсан санагдаж, дуучин, гавьяат жүжигчин Д. Банзрагчийн "Алтан шар зам"-аа дуулах нь чихэнд сонсогдох шиг болдог юм.

Гэснээс сүүлийн үеийн ямар ч сайхан хит дуу байлаа гээд нэг л чихэнд наалдахгүй, соц үеийн дуунууд шиг сэтгэлд хүрч өгөхгүй юм. Нас ахиж цаг үеэсээ хоцорч байгаагийн шинж байх л даа. Үндэсний цөөхүүл хөгжимтэй, монгол ардын сайхан богино дуунууд телевиз радиогоор нэвтэрэхээ болиод удсан байх юм. Уртын дууг хүртэл цахилгаан хөгжимтэй дуулах нь хачин этгээд сонсогдоод л... Чухам яг хэдийнээс ийм болсоныг санах гэхээр хэлж мэдэхгүй. Дуучин Банзрагч гэхээр нь хэрэг болгож сонсвол сүүлийн үед гарч ирээд байгаа залуу, "хуурамч" Банзрагч, хоолой нь "жинхэнэ" Банзрагчаас хол дутуу туниа муутай сонсогдоно.

Харин сүүлийн үед хаа сайгүй хэдэн арваараа нээгдээд байгаа варез сайтуудын буянаар дээр үеийн хэдэн сайхан дуучид, хөгжимчдийн цомог бүтээлүүдийг олж авлаа. Телевиз, интернетийн буянаар АЖ Д.Түмэндэмбэрэл, дуучин Д. Машлай, УГЖ. Ө. Оросоо, УГЖ Д. Xоролсүрэн, УГЖ Ж. Нансалмаа нарын ор тас харагдахаа байсан алтан үеийн дуучдын зүс царайг дахин харж, дуу хоолойг нь дахин сонсох боломж олдов. 60-70-аад оны, 80-90-ээд оны цөөхөн хэдэн сайхан дуунуудаа дахиад нэг удаа сонсоцгооё.

4 comments:

Дeстини said...

Одооны гадаад дотоод бүх дуунууд нэг тиймэрхүү байгаад байгаа юм. Гэхдээ Хурд хамтлагийн дуунууд сайхан. Бид саяхан Бийтлз хүүхдүүддээ сонсгосноос хойш тэд ч гэсэн дээр үеийн дуунууд ямар нэг үйл явдлыг энгийнээр хүний сэтгэлд хүртэл илэрхийлдэг гэдгийг ойлгож өөрсдийнхээ сонсох дуунуудыг чамлаж эхэлсэнд баярлаад байгаа.

Галавсай said...

Зиа Саарал хөвүүн сайхан намаржиж байна уу? Би яахав дээлнийхээ хормойнд таварцаглаж уначих гээл явжил байна.

Anonymous said...

Tiimee, unen, Yagaad gevel urlag, hugjim shudarga, tsever ariun baisan. Mungu olohiin tuld uran buteel hiideggui baisan.

Гилийн хатан said...

Bas uner dursamj sergeedeg

Post a Comment