2010/08/25

Алга болсон 100 настангууд тоогоо алдав

100-аас дээш өндөр настангууд "алга болсон" хэрэг явдалтай холбоотойгоор хотуудын захиргаанаас томилогдсон хүмүүс өндөр настангуудын гэрээр явж амьд байгаа эсэхийг нь биечлэн шалгаж байгаа билээ. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар тухайн хүнтэй уулзах боломжгүй тохиолдолд тэтгэвэр олголтыг түр хугацаагаар зогсоож зэрэг арга хэмжээ авч байгаагийн үр дүнд алга болсон настангууд улс даяар олноор илрэх болж сүүлдээ тоогоо алдаж эхлэв бололтой. Үүнтэй холбоотой өчигдөрөөс нэгэн хөгжилтэй мэдээлэл нийтлэгдэх болов.

Шалгалтаар Оосака хотод 150-аас дээш насны 2 хүн иргэний бүртгэлээр "амьд байгаа" нь илэрсэн байна. 1857 онд төрсөн 153 настай хүн хэрэв амьд байгаа бол дэлхийн хамгийн өндөр настанаар тодрох ёстой юм. Мөн зөвхөн Оосака хотод гэхэд л 120-оос дээш настай 5125 хүн цаасан дээр амьд байгаа юм байна. Эдгээрийг ихэвчлэн бүртгэлийн системийн алдаа зэрэг шалтгаанаар нас барсан хүмүүсийг иргэний бүртгэлээс бүрэн хасаагүйтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Үүний цаана их хэмжээний тэтгэвэрийн мөнгө буруу хүмүүст түгээгдэж төсвийн зардалыг нэмэгдүүлэх нөхцөл болж байгаа нь ойлгомжтой хэрэг юм. Нөгөө талаас төрийн болон бизнесийн аль ч салбарт хамгийн өндөр хариуцлагатай гэгддэг япон хүмүүсийн зан чанар, цаашлаад япон төрийн төгс гэгдэх үйл ажиллагаанд эргэлзэх сэтгэгдлийг олон хүнд төрүүлж байна. Хүн амын дундаж наслалтаар япон улс дэлхийд хамгийн өндөр гэгддэг боловч бодит байдалд энэ нь зөвхөн цаасан дээрх тоо байжээ гэх мэтээр гадаадын хэвлэлүүдээр мэдээлж байгаа нь үүний нэг илрэл юм.

0 comments:

Post a Comment