2010/08/03

Японы 100 настангууд ор сураггүй алга болж эхлэв

Өнгөрсөн сарын 28-нд Токио хотын Адачи дүүрэгт нас бараад 30 гаруй жил болсон хүний занданшсан шарил олдсон тухай японы мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Онцлог нь уг шарил ямар нэгэн оршуулгын газраас бус үр хүүхэд ач зээтэйгээ үе дамжин амьдарч байсан айлын гэрээс олджээ. Хотын хамгийн өндөр буюу 111 настай гэгдэх хүнтэй уулзахаар дүүргийн захиргааны ажилтнууд уг айлын гэрт хэдэн жил дараалан очиж байсан боловч нэг ч удаа уулзаж чадаагүй байна. Эцэст нь цагдаагийн газарт мэдэгдэн гэрт нь шалгалт хийж үзэхэд орон дотроо хэвтээ байдалд занданшсан шарилыг нь олжээ.

Цагдаагийн газрын мэдээг үндэслэн телевизийнхний бүтээсэн уг айлын байрны дууриамал загвар (доорхи бичлэг)-аас үзэхэд талийгаачын өрөө байрны гол хаалганы дэргэд байрласан байна. Мөн тухайн гэр бүлийн хүмүүс талийгаачтай 30-аад жил хамт амьдарч, хаалгыг нь хэзээ ч онгойлгодоггэй өрөөнийх нь хажуугаар нь өдөр бүр орж гарч байсан байх юм. Шарилын ойролцоо байсан 1978 оны сонинг үндэслэн нас бараад 32 жил өнгөрсөн хэмээн таамаглаж байгаа юм байна. Үр хүүхдүүд нь эцгээ 30-аад жилийн өмнөөс гэгээрэхээр өрөөнөөсөө гарахаа байж, хүнтэй уулзахаа больсон хэмээн мэдэгдэж байсан боловч цагдаагийнхны байцаалтаар түүнээс хойш жилийн дараа өрөөнд нь ороход нас барсан байсан гэдгийг хүлээж эхэлсэн тухай мэдээлж байна. Энэ хугацаанд талийгаачын дансанд нийт 9500 мянган иений тэтгэвэр шилжсэнээс гуравны хоёр нь авагдаж ашиглагдсан байна.

Энэ хэргийн дуулиан намдаагүй байтал бусад хотуудад ч мөн адил 100 гарсан настангууд олдохгүй байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Нагояа хотод 106 настай хүний хаана байгаа нь тодорхойгүй байгаа, мөн төрөл садан нь ч хаана байгааг нь мэдэхгүй байгаа гэнэ. Уг өндөр настаны иргэний бүртгэл дэх хаягаар нь шалгаж үзэхэд амьдарч байсан байр нь аль хэдийн нураагдаж газар нь 11 жилийн өмнөөс авто зогсоол байдлаар ашиглагдах болсон байна.

Мөн энэ жил 113 настай байх ёстой ээжийнхээ сургийг 25 жил дуулаагүй байгаа тухай Токио хотод суудаг охин нь цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Тэрээр ээжийгээ дүүтэйгээ хамт амьдарч байж магадгүй гэсний дагуу дүүгээс нь асуухад мөн л хаана байгааг нь олон жилийн өмнөөс мэдэхгүй байгаа гэж хариулсан байна. Гэх мэтчилэн хэдхэн хоногийн дотор Токио хотод Аракава дүүрэгт 104, 108 настай эрэгтэй хүмүүс, Нагано мужийн хамгийн өндөр настан байх ёстой 110 настай хүн, Шизүока 100 давсан настан 3 хүн зэрэг өндөр настангууд ар араасаа "алга болж" эхэллээ. Эдгээр хэрэг явдалтай холбогдуулан Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны сайд тушаал гарган улс даяар 100-аас дээш настангуудтай биечлэн уулзаж "алга болсон" эсэхийг тодруулахаар болов.

0 comments:

Post a Comment