Би угийн улс төр, нам эвслээс хол явахыг хичээдэг хүн. Сонгууль болохоор очиж саналаа өгөхөөс илүү жагсаал цуглаан гэх мэтэд оролцож хөөрч дэвхцэх байтугай, сонин хэвлэлийн улс төрийн тухай мэдээллийг голдуу гарчиглаад өнгөрөөдөг, энэ талын мэдлэг сонирхол ч бага.
Гэтэл санамсаргүй шахуу намын гишүүн болов. Гэхдээ нэлээд хэдэн жилийн өмнөх явдал л даа
Ажиллаж байсан газрын маань захирал шинээр байгуулагдаж байгаа нэгэн намын нэлээд томоохон албан тушаалтан болох тухай дэл сул яриа манай байгууллагаар нэг тарав. Удалгүй захирлын өрөөнд дуудаж байна гэхээр нь очвол миний үеийн арван хэдэн залуучуудыг цуглуулаад хурал хийх гэж байгаа бололтой байв. Захирал биднийг суулгаад за өнөөдөр та бүхнийг ажил ярих гэж энд цуглуулсангүй, та нар залуу улсууд, зөвхөн ажил амьдралаа хөөгөөд яваад байж болохгүй, улс төрийн идэвхтэй байж амьдрал ахуйгаа сайжруулахын төлөө гар бие оролцох ёстой гэх маягийн оршил хэлээд шинэ байгуулагдаж байгаа намынхаа тухай танилцуулж одоогийн хэллэгээр бол хошгоруулна гэдэг нь болов бололтой. Хүн бүрт танилцуулга, гишүүнчлэлийн анкет өгөөд хэд хоногийн дараа намын байранд очиж гишүүнд элсэцгээнэ гэж тушаах зөвлөх хоёрын хооронд хэлэв.
Нэг талаас байгууллагын захирлын хүсэл, нөгөө талаас шинэ намын анхны гишүүд болно гэдэг шинэ сонин сэтгэгдэл төрж байснаас илтээр эсэргүүцэх хүн ч гарсангүй. Бид хэд ч өөрсдийгөө тоглоом шоглоомоор ардчиллын анхдагчидтай зүйрлэж байсан ч хүн болгонд гишүүн болоод үзэе гэсэн бага ч гэсэн сонирхол байгаа нь анзаарагдаж байлаа. Товлосон өдөр нь ч болж бүгдээрээ байгууллагын фургонд суугаад анхны гишүүдийг бүртгэж байсан намын байранд очив. Лав зуугаад бололтой хүмүүс цуглаж, удалгүй намын дэд дарга ирж үг хэлэн баяр хүргээд нэр дуудаж гишүүний үнэмлэх тарааж өгөв. Дараа нь бүгдээрээ зураг авахуулж, хундага тулгацгааснаар гишүүнд элсэх ёслолын ажиллагаа өндөрлөж фургондоо суугаад буцацгаав. Хэдэн сарын дараа намын анхны хурлуудын нэг болоход бидний хэдэн залуус автоматаар төлөөлөгчөөр сонгогдож нөгөө л фургоноороо явж оролцож ирсэнээс өөрөөр намын гишүүн гэдгээ мэдэрсэнгүй байсаар сонгууль дөхөв.
Мэдээж намаасаа нэр дэвшиж байгаа хүний сурталчилгаанд гүйж намын гишүүний үүргээ гүйцэтгэх хэрэгтэй болно биздээ. Олон ч орой олон ч айлын хаалга цохиж сурталчилгааны материал тараах, санал асуулга (манай нэр дэвшигч сонгогдвол юу юу хүсэх вэ) авах гэх мэтээр нэр, хөлс, цаггүй ажил нэлээд хэд хоног хийсний хүчинд ганц намын дарга маань их хуралд сонгогдов. Цээж зургаа хар цагаан принтерээр А4 цаасан дээр хэвлүүлэн биднээр тараалгаж орон нутгийн сонгуульд хүч үзсэн захирал маань бүхэл тоогоор илэрхийлэгдэх хэмжээний санал авч чадсан ч юм уу бүү мэд, тэгсхийгээд өнгөрөв. Дараагийн сонгуулийн өмнөхөн нь намдаа дээрээс бараг эхний тавд орох албан тушаалтай байсан захирал маань гэв гэнэт, намаасаа гарч МАХН-д элссэн тухай сонин дээрээс уншив. Бодвол мань хүн дараагийн сонгуульд нэр дэвших гээд нөгөө хэдтэйгээ зөрөлдөө биз.
Ганц удаа намын хуралдаа оролцоно уу гэж утсаар уригдсаныг эс тооцвол намаас маань ч, биднээс ч ямар нэгэн санаачлага оролцоо байхгүй байснаар хэсэг хугацааны дараа намын гишүүн гэдгээ бараг мартацгаасан. "Манай" намын түүхэн зургуудыг үзвэл анхны гишүүдийн дунд нэг гартаа улаан батлах, нөгөө гартаа хундага бариад "баяр хөөрөөр бялхан" зогсож байгаа бидний хэдэн залуусын зураг одоо ч байх ёстой. Нам надад, би ч намд нэг их тус дэм болохгүй болохоор дараа очихоороо гишүүнээс гарч байгаа тухайгаа хэлж, хуучин новшин дундаасаа олдвол улаан батлахыг нь буцааж өгдөг юм билүү гэж боддог юм.
Sakurasick
-
Сакура санасан хүнд ийм гэнэтийн бэлэг ирэв.
Яг үнэндээ 7 жил гадаад харилцаатай холбоотой ажил хийгээд больсон ч гадаад
харилцааны ажил надаас болих...
6 days ago


1 comments:
yamar nam be? Nogoo ard tumnii nam uu?
Post a Comment