2008/07/29

Миний үзсэн амьд аймшигууд

Аймшгийн үг хэллэг агуулсан тул 18 нас хүрээгүй болон хийсвэр төсөөлөлдөө амархан итгэдэг хэт мэдрэмтгий хүмүүс уншихгүй байхыг хүсэе. Вимо чатад нэгэн эрхэмийн бичсэнийг уншаад өөрт тохиолдсон болон нүдээр үзсэн зарим нэг тохиолдлоо бичих санаа төрөв.

Бага байхдаа хараацай их барьдаг байлаа. Жалганы эгц хананд нүхлээд үүрээ засчихсан байдаг. Холоос харж байгаад нүх рүүгээ оронгуут нь гүйж очоод гараа оруулаад л бариад авчихдаг. Анх өөрөө барьж чаддаггүй байхдаа нэг бацаанаар бариулаад, түүнийгээ алдчихгүй гэж хэт чанга атгасаар байгаад алчихаж билээ. Нүдээ аниад хөдөлгөөнгүй болсон хараацайг амилуулах санаатай ам руу нь ус хийж, толгой руу нь үлээж янз бүрээр оролдсон ч нэг нь ч бүтээгүй юм.

Гэр хорооллын айл болгонд орос төмөр ванн байх. Нөгөөдхөөр урхи хийж тагтаа барина. Барьдаг аргыг нь бүгд мэдэх байх. Барьсан тагтаагаагаа гаргаж авах гэж ваннаа нэг талаас нь жаахан өргөөд толгой нь цухуйнгуут хоёр гараараа бариад авна. Нэг удаа ваннаа өргөөд харагдахгүй болохоор нь буцааж дарахдаа эсрэг талаар нь толгойгоо цухуйлгаж байсныг анзааралгүй хүзүүг нь хуга дараад алчихаж билээ. Цус мус гараагүй ч хүзүүгээ хугалуулчихаад хөл далавч нь татваганан үхэж байгаа амьтныг анх удаа харахад мөн ч эвгүй байж билээ.

Зуны амралтаар xөдөө нагац ахынд очоод байсан үе. Нагац ахыхан намаржаа руугаа нүүх гээд гэр бараагаа тэмээнд ачиж дуусаад хөдлөх гэж байв. Бодвол эх тэмээ нь бас тэнд байсан бололтой, түрүүнээс хойш тэмээнүүдийн ойролцоо нэг тором эргэлдээд байв. Тэмээнүүдээ босгоод яг хөдлөх гэж байтал нөгөө тором ууу гэж нэг огцом дуугарснаа учир зүггүй хэсэг тонгочив. Анзаарвал ачаанаас илүү гарсан унины үзүүрт нэг нүдээ хатгаад хагалчихаж. Нүднээс нь улаан хальс унжаад эрүүг нь дагаж цус урсах нь үнэхээр эвгүй харагдана. Авга ахын авгай тэндээс, пээ ямар муухай юм бэ гэж дуу алдах нь сонсогдоно. Авга ах хараалын үг унагангаа бушуухан төхөөрөхгүй бол эргүүтэж явсаар хаднаас унаж үхнэ дээ гэж хэлж байсан ёсоор болж нүүдэл суудал гээд торомыг барьж амжаагүй байтал хэд хоногийн дараа ойролцоох уулын хавцалд унаж үхсэн байсан гэсэн.

Нэг удаа нэг нь, цаана чинь гахай алах гэж байна гэж дуудахаар нь очвол ойролцоо хашааны хэдэн залуу нэг гахай аваад ирж, алах гэж байгаа бололтой дөрвөн мөчийг нь холбож боогоод газар хэвтүүлсэн харагдана. Бидний хэдэн банди нар хашаан дээр эгнэж суугаад сониурчирхан харав. Ах залуус яаж алахаа мэдэхгүй байгаа бололтой хоорондоо ярилцана. Халуун төмс өгч алдаг гэж дуулж байсан боловч тухайн үед төмс байгаагүй ч юмуу, байсан ч халаахаас залхуурсан ч юм уу бүү мэд. Нэг нь ямааг алхаар дагзан дундуур нь ганцхан цохиод алчихдаг гэж мэдэмхийрч түүний аргаар үзээд алдахаар шийдэж байгаа бололтой. Нөгөө нэг нь явж алх авч ирээд далайж далайж гахайн дагзан дундуур цохивол хальт цохиод гахай муухай орилон тийчигнэв. Дахин хоёр цохиод олигтой үр дүнд хүрсэнгүй, гахай ч улам л муухай орилно. Тэгтэл нэг өөр санал нэг санал гаргаж дагзанд нь биш духанд нь цохиё гээд цохивол гахайн дух цөмөрч цус гарсан ч муухай орилсоор л. Дахин цохих аргагүй болсон бололтой хэсэг ярилцаад нэг нь явж буу олж ирээд гахайн толгойд тулгаж байгаад буудахад гахай ч үхэтхийн хөдөлгөөнгүй болов.

Бас л нагац ахынд хөдөө байсан үе. Хөдөөний айлын эр хүн болгон сайн муу нэг нэг буу үүрч хонь малаа хариулангаа ганц хоёр тарвага гоочилно. Нагац ахын ганц хүүхэд гэж надаас нэлээд хэд ах биерхүү банди байдаг байв. Айлын арай том банди нар ч зүгээр байхгүй, гэрийнхээ ойролцоо хавх тавьж өдөр болгон эргэнэ. Нэг удаа гэрийн нохой хуцаад байхаар нь очиж харвал бараг хотны захад шахуу, энд ч бараг юм орохгүй дээ гээд тавьж байсан хавханд нэг тарвага орчихсон ийш тийш зүтгэж байв. Ах бандийг дуудвал гэрийн ойролцоо байсан ташуур барьж ирээд ингээд алчихдаг байхгүй юу гээд ташуурны модыг тарваганы хүзүүн дээр хөндлөн тааруулаад хоёр үзүүр дээр нь гишгэв. Тийм ч амар үхэхгүй бололтой ам нь ангалзан хөлнүүд нь сарвалзана. Ах банди, үхэхгүй санаатай юу, тэгвэл ингээд үх чи гээд ташуур дээр гишгэсэн хэвээр хойд хоёр хөлөөс нь дээш өргөөд татаж эхлэв. Уул нь хүзүү нь хугарч, эсвэл нугас нь тасарч үхдэг бололтой. Ах банди татаад л байдаг, тарвага хамраас нь цус гарсан ч тийчийгнээд л байдаг. Хэдий биерхүү ч хүүхэд болохоор хүч хүрэхгүй байгаа бололтой. Дэмий хараад зогсоод байхаар таталцааж гэхээр нь нэг хөлөөс нь бариад зэрэг хүчлэн татвал ташуурны мод дундуураа хугарчихав. Тарвага хүч нь сулдсан ч хөлнүүд нь сарвалзсаар. Ах банди, за за наадах чинь одоо өөрөө үхчихнэ гээд яваад өгөв. Би ч тарвагыг агаар л аминд нь орох юмшиг хамаг хүчээрээ ам
ьсгаадсаар амь тавих хүртэл нь харж суув. Орой нь нагац ахыг ирэхэд болсон явдлыг яривал амьтан алж чадахгүй зовоогоод, зовж үхсэн амьтан хоол болохгүй хол аваачиж хая гэж загнуулж билээ.

5 билүү 6-р ангид байхдаа тэр үеийн тариалангийн нэгдлийн ногоо хураалтад туслахаар ангиараа сар гаруй хугацаагаар явав. Хүүхдүүд дөрөв дөрвөөрөө нэг нэг казак айлд хуваарилагдаад, бидний хүнсэнд зориулж нэгдэлээс айл болгонд хоёр хоёр ямаа өгсөний нэгийг айлын эзэн казак залуу төхөөрөх болов. Казакуудын мал гаргах арга өөр гэдгийг дуулсан боловч нүдээр харж байгаагүй болохоор бид дөрвүүл ойролцоо нь сонирхон харж суув. Урьд нь хонь мал гаргаж байxыг зөндөө л харж байсан болохоор их сүртэй юм ч бодсонгүй. Ямааг гэрийн ойролцоо хөтлөж ирээд айлын эхнэр түмпэн, урт балиус хутга авч ирэв. Залуу ямаан дээр мордон хоёр хөлөөрөө хөдөлгөөнгүй хавчиж зогсоод, түмпэнг ямааны хүзүүн тус газар тавьж төхөөрөх ажиллагаа бэлэн болж байгаа бололтой. Тэгээд нэг гараараа ямааны амыг ангайхгүйгээр барьж нөгөө гартаа урт балиусаа бариад хоолойг огтлов. Огтлонгуут цус нь сад тавьж дор нь тавьсан түмпэнд асгарч эхэлнэ биз дээ. Амаа бариулчихсан ямаа орилж чадахгүй, сүүлээ учир зүггүй хөдөлгөнө. Цус нь ч гоожиж дуусахгүй яасан ч их юм, ямаа ч үхэж өгөхгүй хичнээн ч уддаг, залуу хоолойг нь хутгаараа хөрөөдөх маягаар дахин дахин хэрчээд л байна. Бид хэд сүүлдээ дуу ч гарахаа болиод нэгнээ айсан нүдээр харан дуугүй л сууцгаав. Тэгж тэгж асгарах цус нь багасч, ямааны сүүл хөдлөхөө болиход казак залуу сая л нэг өндийв. Анзаарвал гар нь салгалан чичирч нүүр нь байдгаараа барайсан харагдав. Дараа нь хэсэгтээ л махаар нь хоол хийж идэх болгонд сад тавьж байгаа цус, учир зүггүй хөдлөх ямааны сүүл харагдах шиг болж хоол хоолойгоор давахгүй дотор огшиж байж билээ.

2 comments:

Pearle Deppsu said...

Ямар аймшигтай юм бэ.

Тэр гахай бол хамгийн азгүй амьтан. Насаараа хог иднэ. Тэгээд төхөөрүүлэх болохоороо амьдаараа шалзлуулах юм уу хоолой гэдсээ түлүүлж үхнэ. Харин нийтлэлд байгаа төхөөрөлт үнэхээр харгис байлаа.

Salvatore said...

"Аймаар", "зэрлэг", "харамсмаар" гэх мэтийн тэмдэг нэр бараг оруулалгүйгээр хүүрнэж бичсэн ч төсөөлсөн чинь Mongol Saw 3d-ээр үзсэн шиг болов.

Post a Comment