2008/05/17

Элэгний нухаш

Дунд сургуульд хэддүгээр ангид ч байлаа даа, дөрөв тавд л байсан байх. Хоёр идэхгүй ч ажилчин аав ээжийнхээ буянд гурилтай шөлөөр тасарч хоосон хонож үзээгүй бидний гурван найз нэг удаа мөнгөө нийлүүлж ганц хоёрхон удаа амсахаас хэтэрч байгаагүй ямар нэгэн амттай юм авч идэхээр ярилцаж тохиров. Халаасаа ухаж нэгт тавт голдуу бутархай мөнгөнүүдээ нийлүүлж аваад аймагтаа л томд орох давхар дэлгүүр оров. Энэ гоё, тэр үнэтэй гэсээр мөнгөндөө тааруулаад ганц элэгний нухаш авав. Одоогийнх шиг ганц татаад онгойлгох гогцоо ч байх биш, лааз онгойлгогч, хутга мутга нь тэр үед гар дор олдохгүй. Нэг маань хэлж байна, эртүүд ах нар лаазыг цемэнтэн дээр үрж онгойлгож байсан гэдгийн. Өөр арга байхгүй болохоор аймгийн хөгжимт драмын театрын үүдний довжоон дээр үрж гараваа. Амархан цоорох байх гээд ёроол талыг нь ээлжлээд л үрээд байлаа. Дорхноо гар чилж ядраад, лааз ч онгойх янзгүй. Энэ аргаар мөд бүтэхгүй бололтой, нэг маань санал гаргаснаар нөгөө талаар нь үрж эхлэв. Ээлжлээд үрээд байлаа, үрээд байлаа, их л удаан үрэв. Одоо бодоход лав гуч дөчин минут үрсэн байх. Ашгүй лааз таглаа хоёрын дундуур нарийхан зураас гарч эхлэв. Үргэлжлүүлэн үрвэл зураас ч бага багаар уртассан ч таглаа онгойтол бас л мөдгүй бололтой. Зураас руу нь хадаасаар хатгаад хөшөе гэж бас нэг нь санал гаргасны дагуу нөгөө нь явж замын хажуугаас зэвтэй, тахийсан зуугийн хадаас олж ирэв. Зураасыг голлуулж чулуугаар хэдхэн цохиод хадаасаа зоов. Хадаасаа хэд хөшөөд лаазны таглаа мултарч унангуут зэрэг шахуу лааз руу дайрч доторхи элэгний нухашыг халтар хуруунуудаараа хутгаж хэдхэн хормын дотор уралдан идэж дуусгав. Халтар хуруунуудаа тамшаалан долоонгоо бүр нэг сэтгэл цадсан нүдээр бие биенээ жуумалзан харж байж билээ, бидний гурван найз.

гээл ярьсан чинь, "та нар тэгвэл бөөн төмрийн үртэс идсэн байнштээ" гэж дургүй хүргэдгийн хажуунаас. Төмрийн үртэстэй ч бай, халтар хурууны хиртэй ч бай тийм амттай зүйл жилдээ ганц олдвол дээдийн заяа байдаг байсан юм даа, биднийг хүүхэд байхад.

1 comments:

Гилийн хатан said...

тэр үеийн элэгний нухаш их гоё амттай,бас тэгж л онгойлгодог байсан шд

Post a Comment