2008/05/13

Анхны алхамаас

Би анх зургаан настайгаасаа хөдөө явж эхэлсэн. Хавар болгон зургаан сарын эхээр аав дүү бид хоёрыг хөдөө авга ахынд хүргэж өгдөг байв. Миний доод талын дүү ганцхан насны зөрөөтэй болохоор бид хоёр үргэлж хамтдаа үеийн юмшиг тоглож өссөн. Авга ахынх хонь, ямаа голдуу малтай, авга ах, түүний эхнэр (бэргэн эгч) гэж ганц бандитай нэлээд яхир хүмүүс байв. Төв суурин голдуу газар өсч, ухаан суусан бид хоёрт жинхэнэ хөдөөний амьдрал, малчин айл гэдэг жил бүр л шинэхэн, сонихон санагдаж байлаа.

Авга ахынх зундаа Алтайн нурууны мөнх цастай оргилд ойрхон зусдаг. Хүрэн улаан хад чулуутай өндөр өндөр уулын дунд голоо дагаад айлууд саахалтын зайтай буучихна. Аав маань тарвага хөөж хэд хоног болоод буцдаг. Аавыг явсны маргаашнаас бид хоёрыг хонинд явуулна. Хад чулуу ихтэй, өндөр ууланд унаж осолдоно гээд бид хоёрт морь огт унуулахгүй. Хот газрын хүүхдүүд хойно нойр ихтэйг ч хэлэх үү, бэргэн эгч өглөө эртлэн хонио босгочихоод бид хоёрийг сэрээдэг, тэгээд л хонь холдчихлоо, хурдал түргэл гэж хальт цай амсуулаад, гэр дээрх нойтон ааруулаас хэдийг боож өгөөд хөөх шахуу гаргана.

Дүү бид хоёр хонио дагаж алхсаар хэд хэдэн өндөр уулыг давж явсаар үд хэрд нэлээд өндөр нурууны орой хэсэгт гарчихна. Хавар, зуны эхэн үеийн тарчигхан өвсний сөл дагасан хонины алхааг арай ядан гүйцэнэ. Хааяа түр зуурын ширүүн бороо, мөндөр орохоор нөгөө хэдэн орилоо сэрхнүүд чарлалдаад уруудаад алга болно. Хонинууд ч бас дагаад гүйцэгдэнэ гэж байхгүй. Долоон сар гараад намар дөхөөд ирэхээр хонь нэг газраа тогтож идээшлэн хариулахад амархан болоод ирнэ.

Сургуульд ч ороогүй шахуу жаахан хүүхдүүд болсон хойно, өглөөнөөс хойш ууланд авираад өлсөхөө бараг мэдрэхгүй ч цангана гэж жигтэйхэн. Ядаж байхад өмссөн хөвөнтэй дээл улам хүндрээд байгаа юмшиг санагдана. Цаг агаар их амархан хувирамтгай, тэнгэр бүрхээд хөндийд бороо орж байлаа ч ууландаа цас орсон байдаг. Нэгэнт уулын оройд гарсан бол гол горхи байхгүй, хааяа нэг хадны хонхорхойд тогтсон борооны усаар амаа зайлдаг, тэр нь наранд удаан байснаас бүлээсчихсэн гашуун ус байдаг байв. Нойтон ааруулнаас хэсгийг амандаа хийгээд бага багаар уусгаад байхаар цангаа тайлагдаж байгаа юмшиг санагддаг. Үд жаахан өнгөрөөд уулнаас бууж ойролцоох голд очиж хүн малгүй цангаагаа тайлна.

Нэг удаа хонио дагасаар өдөр бүр очдог нэгэн байц хадны энгэрт жижигхэн үүрэнд гурвалжин шар амаа ангалзуулсан арчаагүй гурван улаан ангаахай байхыг харав. Эх нь хоол хайгаад нисээд явчихдаг болохоор бид хоёртой огт тааралдахгүй. Ам нь үргэлж ангаагаастай өлсгөлөн гурван ангаахайг өрөвдөж нойтон ааруулнаасаа хэлтлээд аманд нь хийхээр идэж чадахгүй унагачихна. Хичнээн жижиг хэлтлэхийг хичээсэн ч идэж чадахгүй. Ааруулнаасаа өгөхдөө хуруу гарныхаа сүүдрийг ангайхайнууд дээр тусгаж болохгүй, эх нь голчихдог юм гэнэ лээ гэж хоорондоо ярилцангаа сүүдэр талаас нь өгнө. Идэж чадахгүй болохоор нь үүрнийх нь дэргэд нэг ширхэг ааруул орхиод явав. Маргааш нь очиж харвал ааруулыг идсэн бололтой ойролцоо нь зөндөө их үйрмэг унасан харагдав. Бид хоёр өдөр болгон ааруул орхидог болж, өдөр ирэх тусам ангаахайнууд ч томорч, улаан биенд нь саарал үс ургаж эхлэв. Ангаахайнууд ч томорсоор дэгдээхэй болж бид хоёрыг ойртохоор зугтаах аядаж үүрнийхээ нэг талд бөөгнөрцгөөнө. Бид хоёр ч ааруул орхисоор, дэгдээхэйнүүд ч томорсоор нэг л өдөр ирэхэд "Анхны алхам"-д гардаг шиг хоосон үүрээ орхиод нисээд явсан байсан.

Уулын голын том том чулуу, хадан дээгүүр харайгаад гарчихаж болдог боловч чулуу хоорондох ус их гүнзгий, хүүхэд орвол бараг далд орчихмоор байдаг. Заримдаа хургануудыг барьж аваад голын ус руу чулуудаж зугаацна. Ноосыг нь аваагүй хурганууд том төлөг шиг харагдах боловч усанд орохоороо нороод жижигхээн арчаагүй инээдтэй амьтан болчихно. Бас усан дундах налуу хадан дээр үхрийн нойтон баас нялж байгаад усаар норгож орхиод хонинуудаа хөөж гол гаргана. Нөгөө хадан дээгүүр харайх гээд халтирч усанд унаж буй хонинуудыг хараад элгээ хөштөл инээдэг байж.

Нэг удаа борооноос хоргодох газар хайж яваад нэгэн сонин хадыг олж хоргодов. Гонзгойдуу зуйван мөртлөө хажуу талд нь хүний гараар ухчихсан юмшиг хонхорхойтой, газарт зоогдсон босоо хад байсан. Хонхорхойд нь хоёулаа чөлөөтэй багтаж борооноос хоргодов. Жил болгон бид хоёр нөгөө хонхорхойтой хадан дээр заавал очиж тоглодог боловч, тэр хонхорхой нь улам жижгэрч байгаа юмшиг санагддаг, яагаад жижгэрээд байгаагийн учрыг гайхаж хоорондоо ярилцдаг байв. Яваандаа хоёулаа багтахаа больж өөрсдийгөө өсөж томорч байгаагаа анзаарсан. Морь унахыг маш их хүсдэг ч бидэнд зөвшөөрдөггүй, гэхдээ жилд ганцхан удаа буюу авга ахынх намаржаа руугаа нүүх үед бид хоёрт нэг морь зайдан унах боломж олддог байж билээ.

Дараа, дараа ч гэж дээ, боломж гарвал ойрын үед аав ээжтэйгээ хамт төрсөн нутгаар нь явж, тэр ангаахайнууд байсан байц хад, бас тэр хонхорхойтой босоо хаданд дахин очиж багынхаа дурсамжыг сэргээе гэж боддог доо.

0 comments:

Post a Comment