Сүүлийн үед нэг цэрэг найзтай болоод байгаа. Найзлаж эхлээд удаагүй байсан болохоор эхэндээ ямархуу найз вэ гэдэг нь нэг их мэдэгдэхгүй байлаа л даа. Найз ч яахав манайд байхаар болоод..., өгсөнийг идэж уучихаад, шууд л унтаад өгнө. Олон таван ч үггүй, элдэв янзын асуудал үүсгэж хэрэг төвөгт орооцолдоод байхгүй, энэ янзаараа бол найз бид хоёр ганзага нийлэх бололтой. Урьд нь цэрэг найзтай байж үзээгүй юм болохоороо нээрээ энэ цэрэг улсууд чинь найзлахад зүгээр юм байна, хэд гурван жилийн дараа дахиад нэг ийм найзтай болдог хэргээ ухааны юм бодогдох болов.
За тэгээд хэсэг хугацааны дараа найз ч манайд дасав бололтой, зарим эд хогшлийг маань сонирхсон нүдээр удаан гэгч нь ширтэнгээ гүн бодолд дарагдан суудаг болов. Цэргээс халагдаад авгай авахаараа үүнээс ч илүүг авна даа ухааны юм бодож байгаа байх гэж төсөөлөн суулаа. Удалгүй найз ч бишүүрхэх нь багасав бололтой, хэдэн өрөөний маань хооронд холхингоо, дээр нөгөө сонирхож хараад байсан эд хогшлуудыг маань илж, тогшиж, алгадаж үздэг болов. Бодвол чанарыг нь шалгаж үзэн сүүлд өөрийн гэснээ авахад хэрэг болох туршлага хуримтлуулж байсан бололтой.
Удалгүй дараа найзын тар танигдаж эхлэв. Яасан гэхээр өгсөн хоолыг голж, идэхгүй буцаагаад түлхчихдэг, идсэн ч асгаж цутгах гэх мэт бүдүүлэг зан чанаруудыг үзүүлдэг болов. Нэг удаа адилхан эр улсууд байна даа, хамт ганц хоёр лааз хоослоё гээд хамт дэлгүүр орвол лангуун дээр хураалттай байсан вискинүүдийг барилан үзэж байснаа нэгийг нь татаж унагаад хагалчихав. Би ч энэ одоо истрээс мистрээст ороод гар хөлөө удирдаж чадахаа болисон юм байхдаа ухааны юм бодоод худалдагчид учирыг хэлж уучлалт гуйв.
Хэд хоногийн дараа анзаарвал манай гэрийн нэлээд хэдэн аяг таваг эмтэрхий, сэтэрхий болчихсон, зарим нэг нь дутаад ч байгаа бололтой, эхнэрээс асуувал би мэдэхгүй ээ, энэ найз чинь л сүүлийн үед ноотой болоод байгаа шүү гэж намжирдав. Эр хүн эр хүндээ хайртай гэгчээр найз маань миний аяга тавагны харшилтайг анзаарч зарим нэгээс нь цөөлж өгч байгаа юм байхдаа гэж дотроо битүүхэндээ талархаж суув.
Дараахнаас нь хэрэг бишдэж эхлэв. Нэг орой сургуулиа тараад ирвэл үүдэнд байдаг хэдэн гутлуудыг энд тэндгүй тараагаад хаячихсан, зарим нь орон дээр, ширээн дээр, зарим нь бүр хойморт хүртэл заларч байх бололтой. Яадаг нөхөр вэ. Хэд хоногийн дараа нөгөө сайхан шинэ байшингийн маань цагаахан ханан дээр элдэв янзын зураг, үг үсэг эрээччихэж, хайран ч хана, хайран ч хана. Бас нэг өдөр, чи муу ингээд болоог молоог хөтлөөд, компуутэр шагайгаад бай гэсэн шиг хэдэн товчлууруудыг нь хуу хуу татаад хаячихаж, гүй ээ мөн хорлонтой нөхөр шүү.
Шалнаас дээш 1м хүртэлх зайд байрлах сувинер, жаазтай зураг, шил шаазан эдлэл байвал хагалж хэмхэлээд, приставка, хөгжимний кассет хийдэг зайд нь халбага сэрээ, хүүхдийн тоглоом чихээд, цаасан хайрцагтай салфеткийг бүгдийг нь хөвөөд, шилтэй ундаа, аягтай цай харагдвал хөмөрч асгаад, шүүгээнд байх хэдэн си ди, сэтгүүлүүдийг бүгдийг шалаар нэг тарааж хаяад, богино долгионы зууханд гэсгээх гээд мартсан хөлдүү махыг ялз болгоод, гэх мэтчилэн гэр орныг маань нурааж бусниулж байж санаа нь амардаг дайсны цэрэгтэй боловоо.
Сүүлийн үед найзтай, ялангуяа цэрэг найзтай болохыг хүсдэг дүү нар нэлээд олон болоод байгаа дуулдсан, тийм найзтай байхын тулд сэтгэлийн болон бие бялдрын тэвчээр, хатуужил (над шиг) нэлээд хэрэгтэй болно шүү гэж захиж байнаа дүү нартаа.
2 comments:
хахахаха. Би эхлээд нэг том хүн л төсөөлөөд уншаад байлаа шд. тэгсэн чинь харин жижигхэн цэрэг байсан юм байна шд. би ийм 2 цэрэгтэй хүн.
Neeree l daisnii tserguud shuu...
Post a Comment