2008/04/02

Оюутан явлаа хөөрхий гэж

Картын бараанаас дөнгөж гараад айл гэр, албан байгууллага байтугай улс гэр маань хөл толгойгоо олж ядаж байсан үе болохоор үеийн үед ядуу заяатай оюутан бидний амьдрал ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Хагас жил гаруй хугацаанд хамгийн сүүлчийн оюутны стипенд болох сард жаран төгрөг авч байсан ч долоо хоногийн талхандаа ч хүрэхгүй. Хичээл эхлээд эхний нэг хоёр сарыг гэрээсээ авч гарсан мөнгөөр аргалаад өнгөрүүлнэ. Шинэ жил дөхөөд ирэхээр амьдрал хэцүүдэж эхэлнэ. Шинэ жил гэхээр одоогийн оюутнууд баярлах, тансаглах мөнгө гэж бодож магад. Ахиухан авсан бол хэсэг гурил, будаахнаас өөр юмгүй болчихно. Мах авах мөнгө байдаггүй ээ, зээлэе гэвч эргэн тойрон бүгдээрээ л мөнгө зээлэх хүн хайсан улсууд. Өдөр нь яахав, гурил зуурч тосгүй гамбир хайраад идчихнэ. Орой болноо, будаагаа агшаагаад өөр холих юу ч байхгүй болохоор дангаар нь идэх гэж үзнэ биз дээ. Хичнээн өлсөж байсан ч хоолойгоор давдаггүй ээ. За хэдүүлээ яах вэ, юу хийвэл дээр вэ, гурван биенээсээ асууна.

Мөнгө олох арга хайсаар хошин шогийн тоглолт, бөхийн барилдааны билет шагладаг болов. Өдөр нэг нь очоод нэлээд хэдэн билет худалдаад авчихна. Яг тоглолт эхлэх цаг дөхөөд ирэхээр зарим билет дуусчихна. Эгзэгийг нь олж чадвал нугалсан ашиг ч олно. За тэгээд заримыг нь хүн бараг үзэхгүй, нугалах байтугай хагас үнээр нь ч зарж чадахгүй үе гарна. Энгийн хувцастай цагдаа нарт чихдүүлээд олсон хэдээрээ торгуулаад дуусна. Шатсаар, чихдүүлсээр залхана биз дээ.

Дараа нь пиво шагладаг болов. Одоогийнх шиг шөнийн дэлгүүрүүд тухайн үед өдрийн од шиг ч байсан биш. Өдөр нь АПУ дээрээс очоод хэдэн авдар Боргио ч юм уу авчихна. Орой нь Ард, Хүнсний хорь, Ленин клубын урд очиж зарна. Нэг нь нууцхан газар авдартай пивоо харж үлдээд нөгөө нь хэд гурвыг хувцас халаасандаа нуугаад явна. Найдвартай нугардаг боловч нөгөө л төрийн цагдаад чихдүүлнэ биз дээ. Олон дахин баригдаад Сүхбаатарын ЦХ-т нэг биш удаа морилов. Хар дансанд орох янзтай, болихоос өөр аргагүй болов.

Байранд биднээс нэлээд ах, бараг гуч гарсан байсан байх, зайлуул жаахан царай зүс дорой нэг ах байлаа. Нэг удаа бүр мөнгөгүй болоод нэг тасагт байсан жижиг хивсийг аваад нөгөө ахтай хамт хэдэн нөхөр гарч л дээ. Шөнө орой болсон хойно хүн амьтан хамгийн их цугладаг ганц газар УБ-ын урд очино биз дээ. Хивс тэврээд шөнө орой хамаагүй яваад байж болохгүй, хулгайд сэрдэгдэнэ гээд нөгөө ахад хивсээ бариулж нэгэн том модны ёроолд (харанхуйд) зогсоогоод нөгөө хэд нь худалдаж авах хүн хайхаар явж. Явж явж авах хүн олсон ч юм уу бүү мэд эргээд иртэл нөгөө ах хоёр цагдаад чихдүүлчихсэн зогсож байна гэнэ. Яасан гэхээр ахыг хүүхэн авах гэж ирсэн гэж бодож. Ах хүү, хивсээр хүүхэн авах гэж, модны дор зогсоогүйгээ тайлбарлах гэж уруу дээрээ улам уруу царайлчихсан байсан гэнэ. Нөгөө хэд нь үнэн байдлаа тайлбарлаж байж арай гэж ах, хивс хоёрыг салгаж авсан гэсэн.

Пиво бүтэхгүй болсон болохоор өөр бизнес хайж эхлэв. Ганц зах зээл болох захаар хэд хоног явж судлав. Уул нь наймаа л сонирхоод байгаа юм. Олигтой санаа оноо олддоггүй ээ. Анзаарвал хуушуур янзын гүйж байх юмаа. Хэд хэдэн том саваар авчирээд дорхноо зарагдаад дуусчихна. Үзээд алддаг хэрэг, цагдаад ч чихдүүлэхгүй амар. Тав дахь өдрийн орой хонины хоёр гуя, гурил, сонгино, есийн тос худалдаж аваад маргааш өглөө нь эртлэн босч оюутны байрны жижигхэн өрөөгөө утаа май болгон байж нэлээд хэдэн хуушуур хайрав.

Костроль, гялгар уутанд хуушууруудаа хийгээд гарахаар бэлдээд байтал түүхий эдийн наймаа хийдэг ангийн маань нэг ах орж ирэв. Ах нь сүүлийн үед хэд хэдэн төрлийн түүхий эд цуглуулдаг болоод хүн хүч дутагдаад байна, та хэд туслаач гэдгийн. Уухайн тас зөвшөөрнө биз дээ. Ахын ажилд тусладаг болов. Хажуугаар нь бага багаар өөрсдөө цуглуулдаг болов. Түүхий эдээ эхэндээ ченжүүдэд өгдөг байснаа, монголд байх хятадуудад, дараа нь эрээнд очиж зардаг болов. Буцахдаа Тиана зурагт, унадаг дугуй, нэрийг нь мартчихаж, нэг дөрвөлжин шилтэй хятад архи гэх мэтийг авчирж дэнжийн мянгад зарна. Дараа нь манайх оюутны байрандаа анхны өнгөт зурагттай тасаг болж, видео гаргаж хавийн оюутнуудыг цуглуулж соёлжуулдаг болов. Удалгүй хавар болж, бусад оюутнууд хатсан тосгүй гамбираар сэтгэлээ хуурч суухад ганцхан манай тасгаас л хуушуур, бууз, цуйвангийн үнэр байраар нэг үнэртдэг болсон юм даа.

2 comments:

Anonymous said...

Bi ahaasaa mungu guilaa. Ahad mungu baihgui, ene heden pivo-iig zarj mungu ol gedeg baigaa. Avtobusnii buudal deer avaachtal mashintai ah nar bugdiig ni avchdag baigaa. Tegsnee ta 2 uursduu hed ve gej asuusan (naiztaigaa yavsiin). Bid uchirgui aigaad munguu avaad guichij bilee.

Гилийн хатан said...

"үеийн үед ядуу заяатай оюутан бидний амьдрал" хэхэ гоё хэлсэн байнашд

Post a Comment