Сургуулиа төгсөөд шинэ ажилд ороод удаагүй байсан үе. Age of empire гэдэг тоглоомонд донтов оо. Зүгээр нэг буудаад, саад тотгор даваад яваад байхгүй, ганцхан хүнээр эхлээд бүхэл бүтэн улс гүрэн байгуулдаг, нэг эхэлсэн бол нэлээд хэдэн цаг үргэлжилдэг үнэн сонирхолтой тоглоом байв. Хамгийн эхлээд хүнээрээ мод огтлуулж байшин бариулаад жимс түүх, эсвэл ногоо тариулж хүнс бэлтгүүлнэ. Хүнстэй, байшинтай болохоороо хүнээ үржүүлээд, улам олон мод огтолж, олон байшин барьж, хот тосгон байгуулж эхэлнэ. Хот томорч хүн ам олшрох тусам нэмэлт хэрэгцээнүүд бий болж түүнийг хангах гэж явсаар улс гүрэн байгуулж эхэлнэ. Цаашид чулуу, ган боловсруулж, үйлдвэр байгуулж, нийгмийн шилжилт дэвшил хийнэ. Яваандаа газар нутаг, ой мод, ашигт малтмал хүрэлцэхгүй болж бусад улсуудтай дайтаж эхэлнэ.
Ажил тарангуут өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжиж байгаад үзэж тарна даа. Эхэн үед ганцаараа тоглодог байснаа сүүлдээ хоёул, гурвуулаа сүлжээгээр тоглож хоорондоо байлддаг болов. Манай программист гэж ойролцоо насны залууд яаж ч үзсэн ихэнхдээ хожигдоно. Намайг чулуун зэвсгийн нийгмээсээ гарч амжаагүй байхад аль хэдийн дундад зууны үе хүртэл улсаа хөгжүүлчихээд энд тэндээс дайрч бүүр нэг зэвүү хүргэдэг байв. Яаж тэгж сайн тоглоод байнаа гэж асуухаар зүгээр л тоглодгоороо тоглож байна гэх. Сүүлд мэдэхнээ код хийгээд эд баялгаа ихэсгээд байсныг нь мэдэж заалгаж аваад хоёулаа ана мана үздэг болов.
Гадаадад байгаа бидний амьдрал гэж заримдаа тэр тоглоомтой их ижилхэн санагддаг. Ихэнх нь сурахын хажуугаар ажил хийж эдийн засгийн хувьд өөрөө өөрийгөө болгоод явахыг хичээдэг. Хичээл сурлагадаа ахиухан цаг гаргамаар байдаг, гэтэл сургалтын төлбөр өдөр тутмын амьжиргааны зардалаа олохын тулд орой үдэш, амралтгүй ажиллана. Ялангуяа гэр бүлээрээ байгаа хүмүүс хүүхэддээ зарцуулах цаг гаргах шаардлагатай болно. Сургууль, цэцэрлэг нь мэдээж хүүхэд харах тогтсон цагтай болохоор хүүхэддээ баригдаад орой ажиллаж чадахаа болино. Монголд байдаг шиг, эмээ өвөөд нь хүргээд өгөх, эсвэл дүүгээ дуудаад харуулчих боломж байх биш. Хүүхэд гэдэг маань хувцаснаас авахуулаад багагүй зардал нэмэгдүүлнэ.
Нүүдэл суудал хийхээр хүүхдүүдийн сургууль цэцэрлэг шилжих шаардлагатай болно. Хичээлийн шинэ жил дөрвөн сард эхэлдэг болохоор тэр хүртэл хоёр сар ч хүрэхгүй хугацаанд яаран шилжүүлээд яахав гэж бодоод томыг нь нэгдүгээр ангиа, багыг дэлбээ (мөлхөө анги) бүлгээ төгстөл нь хуучин сургууль цэцэрлэг рүү нь зөөж байхаар шийдсэн юм. Аав нь өөрөө бас дөрвөн сард сургуульд орох хүртлээ ажилаа хагас өдөр ч болов хиймээр байдаг. Одоо хагас өдөр явж байгаа сургуулийн бэлтгэлээ тасламааргүй байдаг.
Тэгээд долоод босч өглөөний цайгаа уугаад, томыг 8.15-д сургуульд нь, багыг 8.30-д цэцэрлэгт, дараа нь "эгч"-ийг, сүүлд нь өөрийгөө сургуульд хүргэнэ. Өдөр 12-т сургуулиас гараад гэртээ ирж үдийн цай уучихаад 1 цагт ажилдаа очино. Орой 6-д тараад нөгөө хэдийг дээрхийн урвуу дарааллаар цуглуулж авчирна.
Орой нь гэрийн ажилд оролцвол оролцоод, үгүй бол эргээд сургууль яваад, эсвэл гэртээ цаас шагайж суугаад шөнө 2,3 хүргэж унтана. Гэх мэтчилэн 2,3 хоног яваад цэнэг дуусч оройд сууж чадахаа болино. Хагас сайнд бүтэн өдөр ажиллаад, бүтэн сайнд нь дэлгүүр хэсч талх, памперс мэтийг цуглуулсаар хорвоогийн долоо хоног өнгөрнө. За тэгээд нүүдэл суудалд болон шинэ байранд орохын тулд 3 сарын төлбөртэй тэнцүү мөнгө төлөх гээд багагүй мөнгө зарцуулна. Аав өөрийнхөө сургалтын төлбөрийн зарим хэсгийг урьдчилан төлөх шаардлагатай болно. Ядаж байхад ганц хөл дүүжилдэг унааны үзлэгийн хугацаа тулчихсан, бас бараг дахиад нэг унааны мөнгө төлөх хэрэгтэй болдог. Хүүхдийн сургууль шилжихээр хувцас хэрэглэлийн өнгө загвар таарахаа больж шинийг худалдаж авах хэрэгтэй болно.
Гэх мэтчилэн хүй нэгдлийн үеэсээ гарч чадалгүй явсаар байгаад шүдний махаар хүнс хийж, шүлсээрээ унд хийж, мориноосоо буулгүй хурааж цуглуулсан улс гүрнээ тараан бутаргах зам шулуудаж байгаа нь тэр дээ. Ингэхэд хүмүүсээ! Хоногийн 24 цагийг дахиад ядаж 6-аар уртасгах цагийн код, шөнө хэдий орой болтол суусан ч ажирахааргүй нойргүйжүүлэх код, шахуу програмаар, удаан хугацаанд ажиллах чадвартай болгох тэсвэр тэвчээрийн код мэдэх хүн байвал зааж өгч туслана уу? (энэ бол бодит явдлаас сэдэвлэсэн fiction байлаа)
Sakurasick
-
Сакура санасан хүнд ийм гэнэтийн бэлэг ирэв.
Яг үнэндээ 7 жил гадаад харилцаатай холбоотой ажил хийгээд больсон ч гадаад
харилцааны ажил надаас болих...
6 days ago


0 comments:
Post a Comment