Зуны намуухан дулаахан орой, зөөлөн салхи салхилаад л. Жижгэвтэр боловч таван ам бүлтэй айлд яг таарсан, хөөрхөн байшин байна. Урд талд нь бутлаг ногоон ургамлаар хүрээлсэн жижигхэн цэцэрлэгт тайрч зассан нов ногоон зүлгэн дээр охин, хүү хоёр жижигхэн хав нохойтойгоо хөөцөлдөн тоглож харагдана. Мөлхөж ирээд хөлийг нь самардах жижигхэн хүүхдээ дээр өргөж эрхлүүлснээ байшингийн хажуу талын хэдэн залуу модны дундах гар хийцийн модон сандал дээр сууна. Бас л гар хийцийн бололтой модон ширээн дээрх торхтой пивоноос стаканд дүүрэн хийж аваад бага багаар шимж ууна. Байшингийн онгорхой цонхоор гурилтай шөлний тааламжтай үнэр үнэртэнэ.Мөрөөдөл гэхэд биш, ойрын зорилго гэхэд бас биш юм аа...Манайхны амьдарч байсан байр хөдөөний ихэнх барилгуудын адил модоор баригдсан, хуучны нэг давхар байшин байлаа. Манай энд өвөлдөө тийм ч их хүйтэн биш, хамгийн хүйтэн нь хасах арваад градус хүрнэ. Орой ажил сургуулиа тараад ирэхэд гадаа хэдэн градус хүйтэн байна, гэрт яг ижил, хүн байтугай нохой хүртэл тогтож суухын аргагүй. Өрөө болгонд байх керосин халаагчуудаа хамгийн их чадлаар нь ажиллуулж байж хоёроос гурван цагийн дараа л арван хэдэн градус гарна. Техник технологи өндөр хөгжсөн, дэлхийн хамгийн хөгжингүй оронд ингэж ч амьдарч байх гэж дээ гэж бодогдохоор.
Монгол хэр хүйтэн бэ гэж шинэ танилцсан хүмүүс их асууна. Хасах дөчин градус хүртэл хүйтэрдэг гэхээр тийм хүйтэнд гадаа гардаггүй, үргэлж байшинд байдаг биз дээ, эсвэл шүлсээ хаяхад газарт уналгүй мөс болж байна уу гэх мэтчилэн гайхаж дахин дахин асууна. Тэгэхээр нь монголд байхаас энд илүү даарч байнаа гэж хариулдаг.
Утас дуугарахаар нь авбал хотын захиргаанаас ярьж байна гэнэ. Сугалаанд хожсон айл байрандаа орохгүй болсон тул хоёрдугаар ээлжинд байгаа танайд байрны эрхийг шилжүүлэх гэнэ. Ямар байр сугалаагаар хожчиховоо гэж гайхах хүн гарч магад. Ядуучуудад зориулсан байр (市営住宅、県営住宅) юм. Хөрөнгөтөн, капиталист улс ч гэсэн ядуучуудаа мартчихгүй харж хандаж байдгийн нэг жишээ. Монголоор бол амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд зориулсан, мэдээж орлого багатай хүн олон, байр нь цөөхөн болохоор сугалаа сугалж байж хожсон нь орно.
Янз бүрийн байшин байна. Баригдаад жар далан жил болсон нь хүн амьдрахад хэцүүхэн боловч түрээсийн хөлс нь маш хямд, хагас өдөр цагийн ажил хийгээд л сарын төлбөрөө төлчихнө. Арваад жил болж байгаа шинэ тохилог, тансаг (マンション) нь ч бас байх боловч хөлс нь бас л хямдхан, цагийн ажил гурав хоног хийсэн хөлсөөрөө сарын төлбөрөө төлчихөөр. Сүүлийн үед эрс багасч байгаа төрөлтийг дэмжих үүднээс сургуулийн өмнөх насны хүүхэдтэй айлд хөнгөлөлт үзүүлнэ. Ихэвчлэн хүүхэдтэй айлд зориулсан олон өрөөтэй байрууд байна. Манайх гэдэг айл дээрх хөнгөлөлтийг нь ашиглаад ийм байранд орох эрхтэй болж байгаа юм. Найз нөхдийн буянаар нэг их түүртэлгүй нүүгээд буучихав. Хаягийн өөрчлөлт, бусад бичиг цаасны ажилд бараг долоо хоног зарцуулж, олон дахин нааш цааш явж байж арай гэж нэг дуусгав. Тохилог, зохион байгуулалт сайтай, дулаахан, хямдхан байранд орсондоо хүн болгон л сэтгэл хангалуун.
Аль хэдийн хаврын амьсгал орж өдөр ирэх бүр бага багаар дулаарч байна. Удахгүй зун болно. Ядуучуудад зориулсан түрээсийн байрныхаа тагтан дээр, аяны эвхдэг сандалаа дэлгэж суугаад ойролцоох тоглоомын талбайд тоглож байгаа хүүхдүүдээ харангаа ганц хоёр лааз пиво хоослож байхаас.


0 comments:
Post a Comment