50-ийн талыг наслаж байгаа хамаатны нэг дүү охин байдаг юм. Өдий болтол нөхөрт гардаггүй, хөгширлөө гэж санаа зовсон улсууд зөндөө. Зарим нь бүр энэ янзаараа борлогдохгүй бол яанаа ухааны юм яриад л. Дүү охиныг найз залуутай болж байна уу энэ тэр гэж асуухаар, байхгүй ээ, гайгүй залуучууд нь авгай авчихсан, эсвэл гадаадад гарчихсан, үлдсэн нь хөдөөний хэдэн мангар юмнууд л байна гэх.
Тэгэхээр зарим нь энэ (намайг заагаад) ахыгаа хар, нөгөө тэр ахыгаа хар, дандаа хөдөөний хүмүүс, хотын эгч нартай чинь суугаад аятайхан амьдарч л байна, юу нь болохгүй байна гэж ятгах нотлохын хооронд хэлнэ. Хажуунаас нь би " эхнэр бид хоёр ч бас яг түүний насан дээр танилцаж байсан " гэвэл, аа тэгвэл ч бас найдвар байгаа юм байнаа гэлцэнэ. Би "яг энэ насан дээрээ бол над шиг юмтай л учирна, дахиад 2,3 жилийн дараа бол хонгилийн үзүүр дэх гэрлийг л хүлээх байх даа" гэж хэлэх гэснээ болив.
Ямар ч хүн нээх царайлаг залуу, сайхан хүүхэнтэй суугаад л, амьдраад л, жаргаад л гээд залуу байхдаа мөрөөддөг. Бид нар ч гэсэн оюутан байхдаа тиймэрхүү бодол мөрөөдөлтэй, тэр тийм сайхан найз хүүхэнтэй болсон байна, энэ нэг хачин залуутай учир ургуулчихаж гэж шинждэг байв.Сургуулиа төгсөөд өөр өөрийн ажил амьдралын замаа хөөгөөд явсан ч бүгд л гэр бүлтэй, зарим нь хэд хэдэн хүүхдүүдтэй болж.
Хөдөөний, хотын янз бүрийн хүнтэй гэр бүл болцгоосны нэг жишээ нь манайх гэж нэг айл. Нэгэнт сэтгэл санаа нийлж, хайртай дуртай болоод тоонот гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу холбож яваа болохоор бусад аар саархан жижиг зөрчилдөөнөө ойлголцоод шийдээд явдаг. Манай гэрийн маргааны хамгийн том эх үүсвэр аяга тавагнаас болдог байлаа. Хөдөөнийхний иддэг хоолны төрөл зүйл ч цөөхөн болохоор 1 хүн 1 л аягтай, түүндээ шөлөө ч уугаад, нарийн холоо ч хийж идээд, дараа нь цайгаа хийж ууцгаадаг.
Манай хүн баахан аяга таваг, шилэн стакан цуглуулах хообитой. Би болохоор хэрэггүй новш цуглууллаа гэж ад үзнэ. За тэгээд 1 орой хоол хийж идлээ гэж бодоё, нэг нэг тавганд хоол аяглана, 1-2 төрлийн салад өөр өөр тавганд хийж тавина. Бас цай уух аяга, заримдаа хоолоо идсэний дараа дессерт идэх гэж бас нэг төрлийн шилэн аяга, дараа нь жаахан вино уух юм бол хундага нэмэгдээд оройн хоол идсэний дараа бөөн угаах аяга таваг овоорч үлдэнэ.
Минийхээр бол 1 таваг, 1 аяга хоёр л байхад болоод явчих гээд байдаг. Тэгээд нөгөө аяга тавгаа угаах гэж бөөн ажил болно, аяга таваг хатаагч дээр багтахгүй нурж унаад, хатсаныг нь шүүгээнд багтаах гэж хөөрхөн ажил болно. За тэгээд нэг аяга ч юм уу таваг олоё гэвэл шүүгээн дэхээ бүгдийг нэг нэгээр нь гаргаад, дараа нь буцааж өрж хийх шаардлагатай болно. Тэртээ тэргүй ажил, сургууль, гэрийн ажил гээд мөнхийн завгүй байдаг улсууд зарим нэг шаардлагагүй илүү ажилаа багасгаад оронд нь хүүхэддээ зарцуулах жаахан цаг нэмж гаргаж байвал зүгээр байгаа юм.
Иймхэн юмыг том асуудал болгож болгоод сүртэй юм гэмээр байна уу, тэгвэл болоогүй ээ. Жишээ нь хавтгай таваг гэвэл ганцхан төрөл биш, зуйван, дугуй, зургаан талтай, дөрвөлжин, хээтэй, зузаан, тоортны гээд, шөлний таваг гэвэл том, жижиг, карений, аяганы төрөл гэвэл цайны, рааменгийн, мисо шөлний, модон, стаканы төрөл гэвэл өндөр, нам, боронзон, кока коланы гээд л, за тэгээд төрөл бүр нь таваас зургаан ширхэг гээд бодохоор бараг аяга тавагны дэлгүүр нээхэд болохоор байгаа биз. Тэгээд дээр нь янз бүрийн хоолны хутгуурууд, шанаганууд, кострол, хайруулын тавагны төрөл зүйлийг нэмбэл бүр гэр ахуйн барааны дэлгүүр нээсэн ч болохоор. Дэлгүүр гэснээс хамт дэлгүүр явахаар нөгөөдөх чинь шил шаазан аяга тавагны тасаг руу ороод алга болчихно, тийм үед өөрөө гарч ирэхийг нь хүлээгээд цагийн гарз, очиж татаж, түлхэж, чангааж чирж байж нэг юм арай гэж салгана.
Амралтын өдрүүдэд би оройд ганц хоёр шил пиво уунаа. Шилээр нь барьж байгаад, эсвэл цай, цэвэр ус уудаг бариултай аягандаа хийгээд уух гэхээр тэр пивоны гүрүүшгэндээ хийгээд уугаач, зориулсан саванд нь уухгуй бол амтгүй ухааны юм ярина. Хааяа ганц хоёр найз шил виски бариад ороод ирнэ, гарт тааралдсан стаканаа аваад хийх гэхээр вискиний стакандаа уугаач гэх, монголоос ах дүү нар жилдээ ганц ирээд нутгийн ганц юм задлахаар 3 янзын үрүнкний алинд нь хийж уух учираа мэдэхгүй будилана. Хааяа эндхийн хэдэн монголчууд манайд цуглахаар виноны, шампанскны, дарсны хундагануудыг нь ялгахгүй, хольж сольж хийгээд хөдөөний мангар, тэнэг, баака, дураакаараа дуудуулаад дуусч байгаа юм даа.
Нэгэнтээ хөдөөний ч бай хотын ч бай эмэгтэй хүний л хооби юм болохоор иймэрхүү тохиолдолд бууж өгөхөөс өөр аргагүй болсоноор манай гэр бүлийн нэг том асуудал шийдэгдэж билээ. Уул нь өөр юм ярих гэтэл аяга тавагны хэрүүл болоод дуусав бололтой, энэ гарчигаа солиод бичих гэснээ дараа үргэлжлүүлэхээс.Эр юм байж тогоо шанаганы хэрүүл хийгээд гэж муулмаар байвал муултугай.
Sakurasick
-
Сакура санасан хүнд ийм гэнэтийн бэлэг ирэв.
Яг үнэндээ 7 жил гадаад харилцаатай холбоотой ажил хийгээд больсон ч гадаад
харилцааны ажил надаас болих...
6 days ago


3 comments:
хэхэь миний хобби гээд би сав суулга цуглуулдаг гээд биччихсэн байгаа биз дээ, эмэгтэй хүний нийтлэг сонирхол байхаа. японоос би нээх хүнд яага шаазан авч харьсан
Goyo ayaga tavag, sav suulga ch goyo shuu
Uuh yumnii ayga oor bdag ni zugeer l yum bilee... Harin ideh yumiig ehner l medne dee... :)
Post a Comment