Дараа нь оюутан болоод харин ч нэг залхууралгүй дуртай хоолнуудаа хийж иддэг болов. Хичээл номоо байнга давтана гэж байхгүй, шалгалт шүүлэг дөхөөд ирэхээр л гэнэт ухаан орсон юмшиг шөнө орой сууж хийнэ. Нэг удаа начирын курсийн ажил цаг нь тулчихсан, хийсэн юм юу ч байхгүй болохоор хэдэн шөнө дараалан суух хэрэгтэй болов оо. Уул нь начирын нэг бүтэн зургийг бараг нэг шөнө зураад дуусгадаг юм л даа. Өөрийнхийгөө ч яахав хамгийн түрүүн зурчихна. Дараачийн шөнүүдэд өрөөнийхөө гурвын зургийг зурав. Тэр гурав ч миний өмнө сөгдөж мөргөх нь холгүй гүйлдээд л, орой болгон өөр өөр гоё гоё хоолнууд хийж, ам руу халбагадаж өгөх шахаад л. Дараа нь тэр үеийн найз охинийхоо зургийг, бас нэлээд дотно байдаг нэг ахын зургийг зураад, үндсэндээ долоо хоног нойргүй шахам хонов оо.
Тэгээд тэр курсийн ажлыг би болоод миний найз нөхөд бүгд амжилттай өгөв. Олон хоног нойр муутай хоносон хүн чинь толгой байнга өвдөөстэй, нүд ам эрээлжлээстэй, царай зүс гундуухан нагац ахындаа очив. Нагац ахын авгай шинэ хонины махаар, өөх мах нь алагласан гурилтай шөл хийжээ. Тэр гурилтай шөлнөөс нь гурав нэмүүлж идээд хамаг биений хар хөлс асгараад, өөр нөгөө юу юу ч гэдэг билээ дээ.. (мартчихаж) тэгээд. Диван налаад зурагт харж байсан хүн чинь нэг мэдсэн нам унтчихаж.
Тэгж би гурилтай шөлөнд дурлав. Бусад хоолнуудыг хоол гэж тоохоо болив. Өдөр орой, цайны цагаараа, энд тэнд явж байхдаа гоё гоё өнгө, амт, үнэртэй, ходоодны шүүс асгаруулам олон хоолтой тааралдах боловч гурилтай шөлөө л сонгоно. Олон хүнд дайлуулдаг ажил хийж байсан болохоор хүн хоолонд оруулая гэвэл монгол хоолтой, гурилтай шөлтэй л газар орно гэдэг болов. Гурилтай шөл л миний алдсан энергийг нөхөж, ядаргааг тайлж, шинэ эрч хүчээр сэлбэж байв. Нэг үгээр хэлэхэд гурилтай шөлгүй би амьдарч чадахгүй юмшиг санагдав. Тэгээд гурилтай шөлөө идээд л, амьдраад л.
Гэтэл нэг өдөр гурилтай шөлнөөсөө уйдаж эхэлж байгаагаа анзаарав. Ер нь бурхан намайг ганц гурилтай шөл л идэж бай гэж заагаагүй биз дээ. Төмстэй хуурга идэж үзэв. Амт нь гэж салахын аргагүй байсан ч дахиад хэд идсэний дараа ходоодоо төмсөөр дүүргэхээс уйдлаа. Бууз, хуушуур идсэн ч тос нь ихдээд, мах нь хүнддээд бас л уйдав. Дүүфүүтэй шөл идэж үзсэн боловч олигтой хоол болсонгүй. Нэг хоолоо нэг их олон идэлгүй дорхноо л уйдчихдаг болов. Хятадад очиж царцаатай хуурга, солонгост очиж амьд наймаалж идэж үзмээр санагдав.
Олон хоолны газар очиж хорхог, боодог, бүхэл мах, бууз, хуушуур, хийцтэй цай, цөцгийтэй банш, тарваганы чанасан мах, нийслэл салат, каз, сэмжинд ороож шарсан элэг, бинтэй хар шөл
гэх мэт төрлийн хоол идсэн боловч, тэр хоолнууд гоё гоё өнгө, амт, үнэртэй, ходоодны шүүс асгаруулж байвч гурилтай шөл шиг миний алдсан энергийг нөхөж, ядаргааг тайлж, шинэ эрч хүчээр сэлбэж чадахгүйг ойлгов. Одоо намайг бусад хоолнууд яаж ч урин дуудсан, би гурилтай шөлөө л сонгоно. Хүн нас тогтоод ирэхээрээ залуу насны гэнэн, дэврүүн зан чанар орхигдож ямар хоолонд дурлаж татагдаж болох, болохгүйг ойлгож ухаарах чадвартай болдог гэдэг. Бодвол би нас тогтож байгаа юм байлгүй дээ. Мартсанаас их сургуулиа төгсөөд ажил амьдралын гараагаа халаасны өрөөнд эхэлж. Ганц бие эр хүн ямар хоол хийж иднэ гэж байх биш, хааяа найз нартайгаа гуанз ресторанд хооллодог байсныг эс тооцвол тэр үед дурлаж байсныг ч хэлэх үү, хуушуур голдуу иддэг байлаа. Хуушуурдсаар байгаад ходоодоо муутгах дөхсөнөө мэдэж залхуурсан ч гэсэн хоол маягийн юм хийж иддэг болж билээ.
лавшаа - баруун нутгийнхны хэлээр гурилтай шөл
начир - начертательны геометр (оросоор зөв бичихийг мартжээ)
зарим зургийг банжиг.нэт-ээс түр зээлэв.


3 comments:
Bi unuudur ajlaa erthen taraad gertee targan honiny mahaar lavshaa hiiv. Nuhur namaig magtsan. Margaash bortstoi hiitstei tsai chanaya gej bodood borts avsan. Mongolchuud solongos, hyatad mayagiin hool ideh ni ih bolson, kimchi, dupu, chinjuu, haluun nogoo ih heregleh bolson.
Juutsaitai huushuur hiinee.
Ай даа чи бүр нүдэнд харагдтал бичээд дүрслээд явчихсан хүү байна даа. Би одоо жирэмсээн. гурилтай шөлнөөс өөр хоол хоолой давахаа болиод яаж аятайхан гурилтай шөл хийж идхүү гээд гооглдээд явж байсан чиний блог ороод ирлээ. бас Начертательный геометрийн хүүхэд юм биздээ. Оюутаны байр энэ тэр гээд уншсан их дотно сайхан санагдлаа.
Post a Comment