2010/10/15

Тооллого болон бас бус...

10 жилд 1 удаа явагддаг хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 10-наас 17-ны хооронд явагдаж байгаа хэмээх зарыг үзээд Монгол улсын иргэний үүргээ биелүүлэхээр toollogo2010.mn сайтын "Интернет тооллогод хамрагдах" хэсгийг нээж үзэв. Нэр, нууц үгээ бүртгүүлж э-мэйлээр бүртгэлээ баталгаажуулсаны дараа заагдсан асуултын дагуу гэр бүлийн гишүүдийн нэр, регистрийн дугаарыг оруулбал "Таны хүсэлтийг бүртгэж авлаа. Таны и-мэйл хаягаар 24 цагийн дотор хариуг явуулна" гэсэн улаан анхааруулга гарч ирэв. Гэвч мэдээллүүдээ оруулсанаас хойш 24 байтугай 72 цаг өнгөрч байхад явуулна гэсэн хариу нь ирээгүй л байх юм.

Спам хавтсанд орчихож магадгүй учир нэгийг ч устгалгүй хадгалж хааяа шалгавал мөн л алга. Дахиад 48 цаг өнгөрвөл интернет тооллогын хугацаа дуусах бололтой. Өмнө нь мэдээллийн сайтуудаар гарч байсан мэдээлэлд нэг хүн 46 асуултад хариулах ёстой юм гэсэн. Хариу нь ирэхгүй учир санал асуулгын хэсэгт нэвтрэх боломжгүй. Тооллогын хуудас руу дахин нэвтэрвэл нөгөө л улаан анхааруулга яг хэвээрээ. Холбогдох ажилтантай нүүр тулж биеэр уулзаад хагас хугас ч хүртэж чаддаггүй манай төрийн үйлчилгээг тив алгассан гадаад улсаас, компьютерийн дэлгэцний цаанаас хүртэнэ гэдэг юу л бол гэж бодож байсан батлагдаж байгаа бололтой....

Тооллогын тухай сурталчилгаа зарим мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн товч мэдээллүүдийг эс тооцвол гадаадад байгаа монголчуудад хангалттай хүрсэнгүй. Гадаад дахь монголчуудын цугладаг томоохон сайт буюу миний тогтмол зочилдог Орлоо-д тооллогын сурталчилгааны баннер ч гарсангүй. Баннер байрлуулах санал монголоос ирсэн талаар нэгэн учир битүүлэг мэдээ гарсан даруйдаа устгагдав. Монголын талаас хүсэлт тавигч этгээд баннерийн төлбөрийн 60%-ийг бэлнээр буцааж хувьдаа авахыг шаардсан юм байх. Дарамтлуулсан худалдагдсан эсэхийг бүү мэд, мэдээ устгагдсан шалтгааныг мэдэх боломж байсангүй.

Намайг монголд байхад төрийн тендерээр болон бусад хэлбэрээр ажил зуучилж олж өгсөн хүнд төсвийн 30%-тай тэнцэх мөнгийг зуучлалын хөлс болгож өгдөг байсан юм. Одоо 60% болж, өчүүхэн муу баннер хүртэл төрийн албан хаагчийн хувийн орлогын нэг хэсэг болсон бололтой. Нэгэнт төлбөрийн дийлэнх хэсгийг буцаах өгөх юм бол анханаасаа өндөр үнэ санал болгох хэрэгтэй болно. Энэ хэмжээгээр төрөөс (татвараар бүрдэх төсвөөс) төлөгдөх болон төрийн албан хаагчийн халаасанд орох мөнгөний хэмжээ нэмэгдэнэ...

Хэдэн сарын өмнө ард түмний хишиг 70 мянган төгрөгийг гадаадад байгаа монгол иргэддээ мөн адил хүртээх юм яриад л байсан. Тодорхойлолт авах шаардлагатай гэсний дагуу Япон дахь МУ-ын ЭСЯ-ны утсанд холбогдов. Материалуудаа бүрдүүлээд өөрийн биеэр ЭСЯ-д морилох ёстой юм гэнэ. Токиод болон түүний ойр орчимд байгаа хүмүүс бол болдог л биз. Токиогоос 2000 км алслагдсан Хоккайдо, Окинавад байгаа монголчууд яаж очиж 70 мянган төгрөгөө авах юм бол. 200-хан км зайтай манай эндээс л гэхэд ЭСЯ орохын тулд хамгийн хямд унаа болох хурдны замын автобус хөлөглөвөл ирж очихдоо зөвхөн замын зардалд 5000 иен (75000 төгрөг) зарцуулж бүтэн өдрийн ажилаа алдана. Өөрийн машин унаагаар явая гэвэл хурдны замын төлбөр болон шатахууны зардалд дор хаяж 8000 иен (120000 төг ) зарцуулна.

Хурдан галт тэрэг хөлөглөнө гэвэл 12000 иен (180000 төг) зарцуулах болно. Ямар ч унаагаар очилоо гэсэн ганц бие хүн бол авах ёстой 75 мянгаасаа илүү зардал гаргаж байгаа биз. Энд мөнгө авах ёстой үгүй эсэх талаар ярьсангүй. Манай төрийн үйлчилгээний байгаа байдлын талаар л ярьж байгаа хэрэг. Урьд нь пасспорт сунгуулах, шинэ төрсөн хүүхдэд гэрчилгээ, пасспорт авах зэрэгт материалуудаа шуудангаар явуулаад болоод л байсан. Энэ удаад болдоггүй болсон юм байх. Үүнийг ард иргэддээ амласан хувь хишгээ хүртээх үйл ажиллагаа гэж ойлгох уу, аль эсвэл гадаад улсын нийтийн тээврийн байгууллагыг дэмжих үйл ажиллагаа гэж ойлгох уу...

Ингээд 75 мянгаа авахгүй байхаас өөр аргагүй болов. Цаашдаа сар сард 10 мянган төрөгийн хишиг хүртээх юм гэсэн. Бас яаж өгөхгүй байх арга бодож байгаа юм бүү мэд. Цаашлаад амлаад байсан сая 500 мянгыг гадаадад байгаа иргэд заавал монголд биеэр ирж байж ав гэвэл нэг их гайхаад байхааргүй бололтой. Ирэх сонгуулиар гадаад дахь монголчууд интернетээр санал өгдөг болно гэж хашгируулаад байсан. Тооллого нь ийм байгаа юм чинь сонгуульд санал өгнө гэвэл үлгэрийн далай болно биз. Америкчууд сонгуульдаа гадаадад байгаа байтугай сансарт нисч яваа иргэдийнхээ саналыг авдаг юм байна лээ. Манайхан америкууд ч хэрэгжүүлж чадаагүй чиптэй пасспорт тараах энэ тэр юм яриад байдаг биз дээ. Болоогүй л байна доо...

1 comments:

Destiny said...

Yostoi jinhene haluun asuudal baina daa. Ene zun Mongold ochson tul yaj iigeed 70 myangaa avah bichig barimtaa burduulj, devter neelgeed duudee uldeesen. Nuguu mungu maani ordoggui, duu ochood asuuval ter egchiin chini huu ulsiin burtgeld ogt oroogui baina, negniih ni bichig barimt dutuu bol ter aild mungu uguhgui gedeg gene. Za tiim baidag yum baij. Tervel huu maani ulsiin arhivaas ochij "Urid umnu irgenii unemleh avch baigaagui" gesen todorhoilolt avsan yumsan. Huu maani ulsiin burtgeld baihgui yum bol yaj ter todorhoilolt gargaj ugsun yum be gej asuuval tursnii gerchilgeenii burtgel, arhiv 2 tustai gesen hariult uguh yum? Tustai baih ni hend ashigtai yum be? Yu yariad baigaa yum buu med. Tegtel Songinohairhan duurgiin neg horoogoor yavj baihad tendhiin ajilchdiin yarih neg yaria sanaand orloo. Han-Uul, bas uur yu ch bilee duurguudiin ulsiin arhiv uruu yavuulsan material ustsan tul ted dahin yavuulah heregtei bolj gene. Bid aztai, manai duureg gaigui gej yarij suusan. Ter irgenii burtgel medeeleliin tuvd ajilladag humuusiig uruvdsun. Aimaar umhii, shorootoi, dungenesen ih shuugiantai gazar baisan.

Post a Comment