2007/12/27

Ёолкдоо л

Хүмүүс шинэ жилдээл. Болоогтоо ч бичлэг нэмэхээ байцгаачихаж. Гүүгл рийдэрээ нээхээр тоотойхон хэдхэн шинэ бичлэг нэмэгдсэн харагдана. Монголд нээрээ сайхан ёолкддог байжээ. 300 гаруй хүнтэй нүсэр байгууллага, жил бүр Баянголд ёолкдоно. Хурд, Жавхлан, Баясгалан, Энхзул ирж дуулаад л. Баянгол рестораны залны голд байрлах усан оргилуур луу жил болгон нэгээс хоёр согтуу заавал унана. Сүүлд усан оргилуурыг авч хаясан харагдсан. Байгууллагын ёолк тараад алба хэлтсүүдээрээ салж, өөр өөр газар ёолкдоно. Түүнийгээ тараад нийлдэг нийлдэг хэдээрээ үргэлжлүүлнэ...

Хөдөөгийн байдал шалдаг булдар гэдэг шиг манай энд хмас, шинэ жил бараг тэмдэглэхгүй, дэлгүүрүүд, зарим айлын гадаа зассан чимэглэлийг эс тооцвол ямар ч баярын уур амьсгал байхгүй.

Ажлынхаа 忘年会-д оров. Монголоор юу гэж орчуулдаг юм бүү мэд. Оны эцсийн цайллага гэх ч юм уу. Хамт ажилладаг таван хүнээс хоёр нь л оролцоно. 5 дахь өдрийн орой ажлаа тараад, эндээс цаг гаруй явах зайтай газар, нэг зочид буудалд очицгооно.


Бүгдээрээ нэг том зааланд татами хэмээх хулсан шалан дээрээ сөгдөн сууцгаагаад япон хоолоо идэж, пиво, халаасан сакэ ууна.


Тэгээд хүн хүний урд очиж, уудаг уудгаар нь пиво, сакэ хийж өнгөнгөө, Саарал саны толгой сайтай, сайн ажиллаж байгааг магтана.


Халамцсан зарим нь караокэ дуулна. Тэндээс нэг нь Саарал сан монгол дуу дуул гэж чангаана. Караокэд нь ямар монгол дуу байх биш.


Тэгээд нэг дарга нь урд гарч өнгөрсөн жилийн ололт амжилт энэ тэр гэсэн хэдэн өгүүлбэр хэлээд, манай компани мандтугай, банзай


гэж орилолдоцгоогоод ёслолын ажиллагаа дуусна. Тэндээсээ гараад халуун рашаандаа орцгоочихоод, хэд гурваараа гарч ойролцоо оршиж бааранд орцгооно.
Баар ч гэж дээ, бөгс эргэх зайгүй, таван хүн арай ядан багтана. Тэнд нь гуя хасаа ил гаргасан сартгар хамартай филипин, эсвэл бараан царайтай индонези хүүхэн заавал сууж байна. Хийж өгсөн ус голдуу юмыг нь ууж хэсэг суугаад буудалдаа очиж унтацгаана.


Өглөө босоод буудлынхаа гуанзанд өглөөний хоолоо идчихээд харихаар гарцгааснаар оны эцсийн цайллага дуусна. Жил болгон ижилхэн иймэрхүү дүр зурагтай ёолкддог улсууд даа бид чинь.

3 comments:

Гилийн хатан said...

Баянгол рестораны залны голд байрлах усан оргилуур луу жил болгон нэгээс хоёр согтуу заавал унана---үүнийг уншаад зөндөө инээлээ. Зургуудыг харах сайхан байна

Anonymous said...

giliin hatan yaagaad tegej ih ineed ni huree vee? arai ........ kkkkk

Дeстини said...

Ямар сонин юм бэ, баяр тэмдэглээд буудалд хононо гэнэ ээ? Гэр бүлээ авч очиж болно биз дээ?

Post a Comment