2007/10/05

Эмээгийн дууль

Дээр үед, дээд сургуульд дөнгөж орчихоод байсан үе. Намар дулаахан байсан болохоор Дунд голын явган гүүрээр гараад Зүтгүүрийн депо, 220, Баянголын урдуур гараад сургууль руугаа алхаж очдог байлаа. Тэгэхэд 220, Энхтайвны гүүрний хоорондох хэдэн модны дунд нэгэн эмээтэй өглөө болгон тааралдана.

Нэлээд настай бололтой, лав ная нэлээд гарсан байсан байх. Эмээ зарим өглөө 220 хавиас хэсэг мод руу алхаад ирж яваа харагддаг. Алхаж ч гэж дээ, хоёр суга таягтай, нэг алхам нь арван см хүрэхтэй үгүйтэй. Тэгээд хэдэн модны дунд очоод өглөөний дасгалаа хийнэ. Дасгал ч гэж дээ суганд нь таяг тулаастай, гараа бугуйгаараа нар зөв хэд эргүүлээд дараа нь нар буруу хэд эргүүлнэ. Ядарсан бололтой хэсэг байж байгаад дахиад л эргүүлнэ. Заримдаа 220 руу буцаад алхаж яваа нь харагддаг.

Тэгээд өвөл болоод би сургууль руугаа автобусаар явдаг боллоо. Гадаа цас ороод хүйтэрчихсэн. Эмээг дасгалаа хийж байна уу үгүй юу гэж автобусны цонхоор харна. Модон дундах цас бусад газраас нээд зузаан хунгарлах маягийн болчихсон байна. Эмээгийн алхам цасанд түүртээд улам богиносчихсон. Өвлийн зузаан дээл, үстэй малгай өмсчихсөн, гараа улам л удаан эргүүлнэ. Зарим цасан шуургатай хүйтэн өглөө эмээ гарч ирэхгүй. Тэгээд цагаан сарын өмнөхнөөс эмээ гарч ирж дасгалаа хийж байгаа нь харагдахаа больсон. Лав бурханы оронруугаа одсон байх.

Хавар нэгдүгээр курсээ төгстөл, хичээлдээ явах болгондоо эмээг байна уу үгүй юу гэж хардаг байлаа. Эмээ нэг ч удаа харагдаагүй. Сүүлд тэр замаар явах үед тэр эмээ санаанд орж, хэсэг мод руу хардаг болчихсон байсан. Хэсэг мод байсан газар том шилэн байшин баригдсан байсан.

0 comments:

Post a Comment